2022 оны наймдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдогантай Сочи хотноо уулзаж, Орос, Украины үр тарианы экспорт, Оросын байгалийн хийн төлбөр тооцоо, Аккуюгийн атомын цахилгаан станцын бүтээн байгуулалт, Сири болон Ливийн нөхцөл байдал зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Тус уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган нь Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Үндэсний тагнуулын газрын дарга зэрэг төлөөлөгчдөө тэргүүлэн Сочи хотын “Русь” амралт сувиллын газарт наймдугаар сарын 5-ны үдээс хойш хүрэлцэн ирж, Оросын талтай дөрвөн цаг орчим ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийж, мөн өдрийн оройдоо буцлаа. Уулзалтаар Ерөнхийлөгч В.Путин, Р.Эрдоган нар ямар нэг баримт бичигт гарын үсэг зураагүй, хэвлэлийн бага хурал хийгээгүй бөгөөд зөвхөн хамтарсан мэдэгдэл гаргасан болно.
Хоёр Ерөнхийлөгчийн хамтарсан мэдэгдэлд, Орос, Украины үр тариаг саадгүй экспортлох, Истанбулын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх, Сири болон Ливийн улс төрийн эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, тус улсуудын тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, Орос-Туркийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа зам тээвэр, худалдаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, эдийн засаг, эрчим хүчний салбарт яриа хэлэлцээ хийх шаардлагатайг онцлон тэмдэглэж, дараагийн уулзалтыг Турк улсад зохион байгуулахаар тохиролцлоо.
Ерөнхийлөгч В.Путин Украинаас үр тариа нийлүүлэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн Ерөнхийлөгч Р.Эрдоганд талархал илэрхийлээд, Оросын байгалийн хийг Европын зах зээлд тасралтгүй тээвэрлэж байгаад Европын улсууд Туркт талархах ёстой хэмээн мэдэгдлээ.
Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдагон хариуд нь, Сочигийн уулзалт хамтын ажиллагааны шинэ хуудас нээж байгааг онцлоод, Аккуюгийн атомын цахилгаан станцын бүтээн байгуулалтад алдаа гарахаас урьдчилан сэргийлэх, бүтээн байгуулалтыг 2023 оноос өмнө эхлүүлэх, санхүүжилтийг хамтран гаргах боломжийн талаар мэдэгдлээ.
Хэлэлцээний дүнд Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн төлбөрийг рублиэр хэсэгчлэн төлж байхаар Ерөнхийлөгчид хэлэлцэж тохиролцлоо. Цаашид Турк нь барууны орнууд болон Оросын хооронд харилцааны гол суваг, Украины асуудлаар гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэх төлөвтэй бол ОХУ нь Туркийг экспорт импортын гол суваг болгон ашиглаж, түүгээр дамжуулан барууны орнуудын харилцан хамааралтай зах зээлд нөлөөлөх төлөвтэй байна.
Эх сурвалж: https://ria.ru/20220805/peregovory-1807538328.html#pv=g%3D1807538328%2Fp%3D1807550031