Суданы армийн командлагч, генерал Абдель Фаттах аль-Бурхан болон тус улсын тусгай хүчний командлагч, генерал Мохаммед Хамдан Дагало нарын үл ойлголцлын улмаас үүссэн засгийн эрхийн төлөөх зэвсэгт тэмцэл өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд нийслэл Хартум хотод эхэлж, дахин иргэний дайны ирмэгт хүрлээ. Зэвсэгт мөргөлдөөн өнөөдөр тус улсын 18 мужид үргэлжилж, 56 хүн амиа алдаж, 595 хүн шархдаж, улмаар НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн гурван ажилтан нас барж, Хартум хотын олон улсын онгоцны буудалд газардаад байсан Саудын Араб, Украин улсын хоёр онгоц шатсан нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Гол тулалдаан Хартум, Меров дахь цэргийн бааз, бүгд найрамдахчуудын ордон, армийн үндсэн командлал, төв зах, нисэх онгоцны буудал, Суданы нийслэлийн өмнөд хэсэгт байрлах цэргийн баазуудын ойролцоо болж байна.
Суданы арми, тусгай хүчин хамтран 2019, 2021 онд төрийн эргэлт хийж, 30 жил засагласан Ерөнхийлөгч Омар аль-Баширыг огцруулсан ч өнөөг хүртэл эрхт зүйт төр, иргэний засаглал тус улсад тогтоогүй хямрал үргэлжилсээр байна. Тус улсын хамгийн хоёр хүчирхэг генерал болох Тусгаар тогтносон зөвлөлийг тэргүүлдэг А.Ф.Бурхан, тус зөвлөлийн орлогч М.Х.Дагало нар дөрөвдүгээр сарын 1-нд улс орныг иргэний засаглалд шилжүүлэх эвлэрлийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ёстой байсан ч санал зөрөлдөөний улмаас уг асуудлыг хойшлуулсан байна.
Гэрээний төсөлд тусгай хүчний ангиудыг армийн бүрэлдэхүүнд нэгтгэх, цаашид хэн армийн командлагч, иргэний ерөнхийлөгч болох тухай бүтэц, зохион байгуулалтын асуудал багтсан нь санал зөрөлдөөн төдийгүй зэвсэгт мөргөлдөөнд хүргэх үндэс болжээ. Меров болон бусад хотод тусгай хүчнийг байршуулах нь хууль бус үйлдэл хэмээн Суданы армийн командлал дөрөвдүгээр сарын 13-ны пүрэв гарагт мэдэгдэж, тусгай хүчнийхэнд тулган шаардлага тавьж, хотыг орхин гарахыг шаардсан нь генерал М.Х.Дагалог өрсөж засгийн эрхийг хүчээр авах шийдвэрт хүргэжээ.
Ийнхүү тусгай хүчний ангиуд бүс нутгаас хүчээ зузаатгаж, армийн штаб, Ерөнхийлөгчийн ордон, нисэх буудлууд, телевизийн төв байр зэрэг стратегийн чухал байрлалыг эзлэн авахаар дөрөвдүгээр сарын 15-ны бямба гарагийн өглөө эрт довтолсон нь төрийн эргэлт хийх гэсэн оролдлого байлаа. Харин Суданы арми сөрөг довтолгоо хийж, Хартум-Омдурман дагуул хот орчмын тусгай хүчний баазад агаараас цохилт өгч, Омдурман хотын Карари тусгай хүчний хуаран, Порт Судан дахь Улаан тэнгисийн мужийн засаг захиргааны төв, Нил мужийн Эд Дамазин, Бонс хот дахь тусгай хүчний бааз, штабуудад хяналтаа тогтоосон бол тусгай хүчний ангиуд Меров дахь цэргийн баазыг хянасан хэвээр байна.
Суданы нөхцөл байдалд санаа зовниж буйгаа НҮБ, ОХУ, АНУ илэрхийлж, талуудад хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ нэн даруй авахыг уриалж байна. Гэвч Суданы армийн командлагч генерал А.Ф.Бурхан тусгай хүчний эсэргүүцлийг цэргийн хүчээр, түүний дотор нисэх хүчний бөмбөгдөлтөөр дарах ажиллагаа явуулж байгаа бол тусгай хүчний генерал М.Х.Дагало генерал А.Ф.Бурханд хандан “гэмт хэрэгтнийг баривчилж шүүхэд өгөх болно, эс тэгвээс чи нохой шиг үхэх болно” хэмээн мэдэгдэж байна.