НАТО-гийн хамтын ажиллагааны стратегийн өөрчлөлт
НАТО эгнээндээ Европ, Хойд Америкийн 30 улсыг нэгтгэж, дэлхийн 40 гаруй оронтой түншийн харилцаа тогтоосон хамгийн хүчирхэгт тооцогдох цэргийн эвсэл билээ. Тус байгууллагын “Стратегийн үзэл баримтлал” 1991 оноос эхлэн нийтэд илт байдлаар гарч эхэлсэн бөгөөд одоо 2010 онд баталсан “Стратегийн үзэл баримтлал-2020”-ийг мөрдөж байна. Энэ баримт бичигт тус байгууллагын аль нэгэн гишүүнд учирсан аюулыг НАТО -гийн эсрэг аюул заналхийлэл хэмээн үзэж, хамтаар батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, хямралын үеийн менежментийг сайжруулах, бусад түнш улс оронтай аюулгүй байдлын чиглэлээр хамтрах ажиллах зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Брюссельд 2021 оны зургаадугаар сард зохион байгуулсан НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар дээрх үзэл баримтлалыг цаг хугацаандаа сайн үйлчилсэн хэмээн дүгнэсэн бөгөөд цаашид терроризмын илүү харгис хэлбэр, кибер болон уламжлалт бус аюул нэмэгдэж буй нөхцөл, шинэ технологи, цар тахал, цаг уурын өөрчлөлт, хятадын өсөлт зэрэг сорилттой холбоотойгоор 2022 онд “Стратегийн үзэл баримтлал”-ыг шинэчлэхээр тохиролцжээ.
Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилж, жил гаруй хугацаанд холбоотнуудынхаа Парламентын гишүүд, иргэний нийгэм, төр, хувийн хэвшлийн шинжээчдийн саналыг авч боловсруулсан “НАТО-2030 хөтөлбөр”2-ийг хэлэлцэж баталжээ. Энэ хөтөлбөрийн зорилго нь дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй геополитикийн өрсөлдөөн, терроризм, кибер халдлага, цаг уурын өөрчлөлт, Орос, Хятадын олон улсын дэг журамд өөрчлөлт оруулах гэсэн амбиц зэрэг урьдчилан таамаглах аргагүй сорилттой нүүр тулан хамтдаа тэмцэхэд НАТО-г цэргийн хувьд хүчирхэг хэвээр хадгалж, улс төрийн хувьд илүү хүчирхэг, нэгдмэл болгоход чиглэгдсэн байна.
НАТО-гийн “Стратегийн үзэл баримтлал-2020”, “НАТО-2030 хөтөлбөр” баримт бичгүүд нь тулгарч буй хил хязгааргүй аюул сорилтуудыг сөрж туулахын тулд зөвхөн холбоотнуудын хүрээнд бус дэлхийн 40 гаруй түнш орон, НҮБ, Европын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ), Африкийн холбоо зэрэг байгууллагатай хамтран ажиллахыг чухалчилсан агуулгатай байна. НАТО-ОХУ-ын яриа хэлэлцээний механизм 2014 оноос тасалдсан, ОХУ-ын талаас яриа хэлэлцээ сэргээхийг үгүйсгэдэггүй. БНХАУ-тай 2010 оноос эхлэн цэргийн штабын уулзалт хийж байсан боловч, Хятад-Америкийн сөргөлдсөн харилцаанаас болоод 2019 онд хийгээгүй. Харин Хятадын тал энэ яриа хэлэлцээний механизмыг сэргээх саналыг идэвхтэй тавьдаг. НАТО-ын Гадаад хэргийн сайд нарын өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан уулзалтад Австрали, Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеландын гадаадын хэргийн сайд нар анх удаа оролцсон юм. Улмаар дээр дурдсан стратегийн баримт бичгүүдэд, эвслийн зүгээс Хятадыг тогтоон барих үйл ажиллагааг дээрх улстай хамтрахаар тодорхойлоод байна.
Монгол Улс, НАТО-гийн хамтын ажиллагаа
Монгол Улсын “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал”-ын 3.1.1.6-д Хөрш хоёр орон, АНУ, НАТО-гийн гишүүн орнууд, Европын Холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно, хэмээн тусгасан байдаг.
Манай улс дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдлыг хангахад Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-гийн оруулж буй хувь нэмэр, өсөн нэмэгдэж байгаа үүргийг харгалзан тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэл баримтлан ажиллаж ирсэн билээ.
Монгол Улсын НАТО-тай харилцаа тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэх явц 1998 онд Белгийн вант улс дахь ЭСЯ-нд цэргийн атташе томилон суулгаснаар илүү идэвхижсэн хэдий ч тухайн үед НАТО-гийн зүгээс харилцаанд болгоомжтой хандаж байсан нь энэ асуудлаар хоёр хөршийн зүгээс манайд үзүүлэх дарамт шахалт, байр суурь тодорхойгүй байсантай холбоотой юм.
Харин “Иракийн эрх чөлөө ажиллагаа”-нд Монгол Улсын цэргийн баг 2003 оны есдүгээр сараас эхлэн оролцож, Афганистанд 2004 оноос артиллерийн сургалтын баг илгээж эхэлснээр харилцаа эрс идэвхижсэн гэж болно. Улмаар Афганистанд НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин” (International Security Assistance Forces-ISAF)-ий бүрэлдэхүүнд ХБНГУ болон БВУ-тай хамтарсан Цэргийн хамгаалалтын салаа, Артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг, Нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын бүлгийг үүрэг гүйцэтгүүлснээр 2010 оны гуравдугаар сард “Цэрэг хандивлагч” 45 дахь орноор зарлуулж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргасан. Үүний үр дүнд НАТО-гийн болон цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хуралд Монгол Улсаас оролцдог болж, хамтарсан хурал, зөвлөлгөөн тогтмолжсон юм.
НАТО-гийн Умард Атлантын зөвлөл нь “Монгол Улс, НАТО хоорондын түншлэл, хамтын ажиллагааны тусгай хөтөлбөр”-ийг 2012 оны гуравдугаар сарын 19-ний өдөр баталсанаар манай улс Австрали, Афганистан, Колумб, БНСУ, Япон, Шинэ Зеланд, Пакистан гэсэн есөн орны гишүүнчлэлтэй “Дэлхийн даяарын түнш”-ийн статустай болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс одоо тулгарч буй болон шинээр үүсч байгаа аюулгүй байдлын нийтлэг сорилтыг даван туулах, хямралаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг зохицуулах механизмыг бий болгох, мэргэжилтэн солилцох, сургалт, дадлага зохион байгуулах чиглэлээр НАТО-тай хамтран ажиллах, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бүрдсэн байна. Хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг дурдвал:
– ҮБХИС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, багшлах бүрэлдэхүүнийг чадваржуулахад чиглэсэн “Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр” (DEEP)-г 2014 оноос хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрсэн (хөтөлбөр одоо үргэлжилж байгаа);
– Таван толгой дахь “Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв”-ийг 2014 онд НАТО-гийн “Түншлэлийн сургалт, боловсролын төвүүдийн сүлжээ”-нд хамруулсны үр дүнд гадаадын цэргийн алба хаагчдийг энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр сургаж, бэлтгэх шалгуур стандартад нийцүүлсэн;
– “Шинжлэх ухаан-Энх тайван, аюулгүй байдлын төлөө” хөтөлбөрт хамрагдаж хуучин цэргийн объектууд байрлаж байсан газар орныг нөхөн сэргээх, мэдээлэл, холбооны технологийн аюулгүй байдлыг хөгжүүлэхэд чиглэсэн төслүүдэд хамрагдах боломжтой болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017-2020 онд ЗХ-ний Кибер аюулгүй байдлын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, ажиллах бүрэлдэхүүнийг сургасан;
– НАТО-тай хамтран штабын офицерын дамжааг хэд хэдэн удаа зохион байгуулснаар НҮБ болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцох цэргийн албан хаагчдыг эх орондоо зардал багатайгаар бэлтгэх, улмаар гадаадын орнуудад НАТО-гийн стандартад нийцсэн сургалтыг хамтран болон бие даан явуулах боломж бүрдсэн;
– “Түншлэлийн хамтын ажиллагааны санаачлага”-ын хүрээнд 2014 оноос эхлэн НАТО-гийн түнш 23 улстай хамтын ажиллагааны платформд оролцож, олон төрлийн сургалтад хамрагдах, харилцан туршлага солилцох замаар хамтын ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн;
– “Ковид-19” цар тахлын эсрэг арга хэмжээ авахад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-аас гамшгийн хариу арга хэмжээг зохицуулах “Евро-Атлантын төв”-өөр дамжуулан 1.2 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн зэргийг нэрлэж болно.
Өдгөө Афганистан дахь НАТО-гийн тэргүүлсэн олон улсын цэргийн ажиллагаа дууссан, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тус байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг нүүр тулсан уулзалт, хурал, зөвлөлгөөн хойшлогдож байгаа зэргээс үүдэн хамтын ажиллагаа саармагжиж магадгүй байгаад бид цаашид анхаарч ажиллах шаардлагатай байна.
НАТО-той тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын энхийг эрхэмлэгч, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлоготой нийцэх тул одоогийн баримталж буй зарчим, хязгаарлалтын хүрээнд харилцаагаа авч явах нь улс төр, дипломатын үйл ажиллагаагаар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

—оОо–

Similar Posts