Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн НАТО-гийн цөмийн хүчний сургуулилтыг залгуулан, ОХУ нь “Аянга” нэртэй стратегийн цөмийн тогтоон барих хүчний сургуулилтыг өчигдөр буюу 10 дугаар сарын 26-нд эхлүүлж, газар, агаар, тэнгисийн байрлалаас тив хоорондын баллистик пуужин, далавчит болон хэт авианы пуужингуудыг харваж туршсан бөгөөд сургуулилтыг Ерөнхийлөгч В.Путин алсын зайнаас удирдан явуулж байна.
ОХУ жил бүрийн 10 дугаар сард стратегийн тогтоон барих хүчний сургуулилт явуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн сургуулилт нь Украинд дахь цэргийн ажиллагааны өнгөн дээр, НАТО-гийн цөмийн хүчний сургуулилт болон Украины “бохир бөмбөг”-ний асуудалтай давхцаж байгаагаараа онцлог юм.
ОХУ нь цар тахлын улмаас хойшлогдоод байсан 2021 оны цөмийн сургуулилтаа 2022 оны хоёрдугаар сарын 19-нд хийж, агаараас хэт авианы аэробаллистик “Кинжал” пуужин, далайгаас “Калибр” далавчит пуужин, “Циркон” хэт авианы пуужин, тив хоорондын “Синева” баллистик пуужин, газраас оператив-тактикийн “Искандер-М” далавчит пуужин, тив хоорондын “Ярс” баллистик пуужин харваж, цөмийн гурвалаа туршсаны дараахан залгуулаад Украинд цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Энэ удаагийн сургуулилт нь мөн Оросын агаар, газар, тэнгисийн цөмийн гурвалын үүрэг зориулалт, команд удирдлагын төлөвлөлт, харилцан ажиллагаа, стратегийн зэвсэглэлийн найдвартай байдлыг шалгах, улмаар дайсны цөмийн цохилтын хариуд их хэмжээний цөмийн цохилт өгөх ажиллагааг боловсруулах үндсэн зорилгыг агуулж байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Ерөнхийлөгч В.Путинд цөмийн сургуулилтын ажиллагааг илтгэж, сансрын Плесецк талбайгаас тив хоорондын “Ярс” баллистик пуужин, Хойд флотын “Тула” стратегийн шумбагч онгоцноос “Синева” баллистик пуужинг хөөргөх үеийн болон стратегийн бөмбөгдөгч Ту-95МС-ын агаараас харвасан далавчит пуужингуудын бичлэгүүдийг үзүүлж, цөмийн хэрэгсэлүүд бүгдээрээ тавигдсан үүрэг зорилтоо бүрэн гүйцэтгэсэн хэмээн мэдэгдэж байна.