Казахстанд өрнөсөн үймээн самууныг тус улсын хүчний байгууллагууд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын Энхийг сахиулах хамтарсан хүчний дэмжлэгтэйгээр саармагжуулж, нөхцөл байдлыг үндсэндээ бүрэн хяналтдаа аваад байна. Үймээн самууны үеэр 212 сая ам.долларын хохирол учирч, 6000 орчим хүн баривчлагдаж, 164 хүн алагдаж, 1000 гаруй хүн шархдаж гэмтэж бэртсэн тул 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийг улс орон даяар үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа.

Үймээн самуун гарах болсон нийгэм эдийн засгийн шалтгаан нь Казахстаны ард түмэн сүүлийн гучин жилд эрх баригчдын дарангуйлал, авлига хээл хахууль, шударга бус байдал, ажилгүйдэл, ядуурал, амьдралын баталгаагүй байдалд нэрвэгдсэн байдал бөгөөд шингэрүүлсэн хийн үнэ нэмсэн явдал бол зөвхөн үймээн гарах болсон шалтаг нь юм.

1991 оноос хойш тасралтгүй төрийн эрхэнд ноёрхсон Н.Назарбаев нь тойрон хүрээлэгчид, төрөл төрөгсдийнхөө хамтаар үндэсний баялгийн дийлэнх хувийг эзэмшиж, түүний тэргүүлдэг Нур-Отан нам тасралтгүй олон жил төрийн эрх барьж, тус улс оронд нэг хүний захиргаадлын дарангуйллын дэглэм олон жилээр үргэлжлэн тогтсон нь нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх улс төрийн шалтгаан боллоо.

Афганистан, Сири, Ирак, Ойрх, Дорнодод бут цохигдсон исламын дайчид   Дундад Ази түүний дотор Казахстан улсад дүрвэгсдийн дүрээр нэвтрэн орж исламын улс байгуулах үзэл санаа номлолоо дэлгэрүүлж залуу үеийг их хэмжээгээр эгнээндээ нэгтгэсэн тэд энгийн иргэдийн эдийн засаг, нийгмийн тайван жагсаалыг улс төрийн тэмцэл болгон хувиргаж, улмаар улс төрийн эрх мэдлийг булаан авах гэсэн оролдлого нь нуран уналаа.

НАТО Афганистанаас гарснаар Казахстанд исламын бүлэглэлүүд үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж улмаар улс төрийн эрхийг хүчээр авахыг оролдсон энэхүү олон мянган тооны террористуудын зэвсэгт халдлагыг ХАБГБ-ын хамтарсан хүчний тусламжгүйгээр бараг зогсоох боломжгүй байсан юм.

ХАБГБ нь НҮБ, ЕАБХАБ, ШХАБ-ын ивээл дор энхийг сахиулах ажиллагаанд оролцох өмнө байгуулсан гэрээтэй тул Казахстанд тус байгууллагын цэрэг оруулсан явдал нь олон улсын эрх зүйн бүрэн чадамжтай.  

ХАБГБ нь хамтарсан хүчний 3500 орчим цэргийг Оросын агаарын цэргийн тээврийн 75 тооны Ил-76, Ан-124 онгоцоор 24 цагийн турш тасралтгүй тээвэрлэж дэлгэн байрлуулсан нь цэрэг стратегийн өндөр хүчин чадалтайг батлан харууллаа.  

Монгол Улс Казахстаны үйл явдлаас сургамж авч ардчилал, эрх чөлөөг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, авлига хээл хахуулийг арилгах, нийгэмд шударга ёсыг тогтоох талаар бодлого үйл ажиллагааны тодорхой арга хэмжээнүүдийг тууштай авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Similar Posts