“Стратегийн судалгаа” сэтгүүл 100 дахь дугаараа өлгийдөн авлаа

Стратеги судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Стратегийн судалгаа” эрдэм шинжилгээний сэтгүүл түүхэн 100 дахь дугаараа (https://www.mongoliajol.info/index.php/MJSS) уншигч, судлаачдын хүртээл болголоо.

Тус дугаар нь сэтгүүлийн хөгжлийн түүх, аюулгүй байдал судлалын хөгжилд оруулсан хувь нэмрийг дүгнэсэн тойм өгүүллээр эхэлж, үндэсний болон олон улсын аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг багтааснаараа онцлог юм.

100 дахь дугаарт дотоод аюулгүй байдлын зарим асуудал, Монгол Улсын төрийн аюулгүй байдлыг хангах онол, практикийн асуудал, үндэсний аюулгүй байдлын удирдлагын стратегийн шинжилгээний шинэ хандлага, Монгол Улсын үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, олон улсын аюулгүй байдлын орчны өөрчлөлт, геополитикийн шинэ сорилтууд, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, шинээр үүсэж буй эрсдэлт хүчин зүйлс, мөн “Шинжээчийн булан”-д үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх дотоод хүчин зүйл, монгол хүмүүний үндэсний язгуур үзэл, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын талаарх судалгааны өгүүллийг нийтэлжээ.

“Стратегийн судалгаа” сэтгүүл нь өнгөрсөн хугацаанд үндэсний болон олон улсын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг нийтэлж, стратегийн судлал, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын судалгааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Түүхэн 100 дахь дугаар нь энэхүү үйл ажиллагааны үргэлжлэл болж, эрдэм шинжилгээний чанартай судалгааг олон нийт, бодлого боловсруулагчид, судлаачдын хүртээл болгох эрхэм зорилгоо бататгасан чухал бүтээл болж байна.

Similar Posts