Олон Улсын Монгол судлалын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг 2026 оны 8 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Олон улсын монголч эрдэмтний их хурлыг 1959 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө дэлхийн монгол судлалын салбарын нэр хүнд бүхий, тогтмол зохион байгуулагддаг олон улсын эрдэм шинжилгээний томоохон чуулган болон хөгжөөд байна.
Тус их хурлын өмнөх 12 удаагийн чуулганд дэлхийн 60 гаруй орны 4,000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3,000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна.
Энэ удаагийн их хуралд ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал О.Машбат болон ЗСДА-ны дарга Ц.Минжин оролцож, “On the Study and Historiography of the Name ‘Chingis’” буюу “‘Чингис’ нэрийн судалгаа ба түүх бичлэгийн асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэв.
Тус илтгэлээр “Чингис” хэмээх нэрийн үүсэл, хэрэглээ, түүхэн эх сурвалж дахь тэмдэглэл болон уг нэрийн судалгааны түүх бичлэгийн асуудлыг авч үзэн, холбогдох судалгааны үр дүн, байр суурийг танилцуулсан байна.
Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал нь дэлхийн монгол судлалын эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, монгол хэл, түүх, соёл, уламжлал болон Монгол судлалын бусад чиглэлийн шинэ судалгааны үр дүнг хэлэлцэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

