ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) 2024 оны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн материалыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд хүлээн авч дууслаа. СЕХ бүх нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг хоёрдугаар сарын 10-ны дотор гаргах ёстой.
Эх сурвалж https://www.rbc.ru/politics/13/12/2023/65797e279a79473ada630f93
ОХУ-ын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийг энэ оны гуравдугаар сарын 15-17-нд явуулах бөгөөд одоогоор Ерөнхийлөгч Владимир Путин, Оросын Төрийн Думд суудалтай Коммунист намаас депутат Николай Харитонов, Либерал ардчилсан намаас депутат Леонид Слуцкий, “Шинэ хүмүүс” намаас депутат Владислав Даванков нар Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) -ноос албан ёсны нэр дэвшигчийн статусаа аваад байна. Парламентад суудалгүй улс төрийн намуудаас нэр дэвшигч нь нэгдүгээр сарын 31-ний дотор дор хаяж 100 мянга, өөрийгөө дэвшүүлсэн нэр дэвшигчид 300 мянган хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай.
Нэр дэвшигчид дотроос Оросын сөрөг хүчний удирдагч асан Борис Немцовын хамтран зүтгэгч “Иргэний санаачлага” намаас нэр дэвшиж буй Борис Надеждин сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаж байгаа бөгөөд тэрээр өчигдөр заасан хугацаанд 105 мянган дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан материалаа СЕХ-нд өглөө.
Борис Надеждин 1963 онд Узбекстаны нийслэл Ташкент хотод төрсөн, физик-математикийн ухааны доктор, 1999-2003 онд Оросын Төрийн Думын депутатаар ажилласан, 2001 онд Бүс нутгийн төсөл, хууль тогтоомжийн хүрээлэнг үүсгэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь өнөөг хүртэл ажиллаж байна.
Борис Надеждин 2023 оны аравдугаар сарын 31-нд Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-нд Сонгуулийн ерөнхий хороо түүнд гарын үсэг цуглуулах, сонгуулийн данс нээхийг зөвшөөрсөн.
Борис Надеждин мөрийн хөтөлбөртөө Украины дайныг зогсоох, бусад улс орнуудын эсрэг цэргийн хүч үндэслэлгүй хэрэглэхгүй байх, өрнөдийн орнуудтай хамтран ажиллах зэрэг асуудлыг дэвшүүлж байна.