ОХУ-ын талаас 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өглөөнөөс эхлэн Украины цэргийн дэд бүтэц, агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн байрлал, цэргийн  аэродромуудад өндөр цэцтэй пуужингийн болон артиллерын цохилтыг өгч эхэлсэн. Уг цохилтыг 74 объект түүний дотор агаарын довтолгооноос хамгаалах С-300 систем 1, аэродром 14, радиолокацийн станц 18, командын байруудад өгч дөрвөн цаг орчмын дараа жагсаалаас гаргасан тухайгаа мэдэгдсэн. Хуурай замын цэргийн ажиллагааг нийт 60 орчим батальоны тактикийн бүлгийн хүчээр өмнөд чиглэлд Донецк-Мелитополь, Крым-Херсон, баруун чиглэлд Глухов-Кролевец-Нежин, Беларусийн нутгаас Припять-Чернобыль гэсэн чиглэлээр явуулж, Одессын боомтод тэнгисийн цэргийн десант, Харьков, Киевийн районд агаарын десант буулгасан байна.

Зураг 1. ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны цохилтын чиглэл

Оросын Зэвсэгт хүчний анги салбарууд хоёрдугаар сарын 24-ний оройны 19.00  цагийн байдлаар Украины зүүн өмнөд, өмнөд чиглэлд Херсон муж (ОХУ-ын хилээс 450 орчим км, Крымээс 277 км)-ийг хяналтдаа авч, Крымийг цэвэр усаар хангах боломжтой болгожээ. Улмаар Киевийн чиглэлд Гомстомелийн район (Киевээс баруун хойд зүгт 49 км-т байрладаг, олон улсын хүнд даацын нисэх онгоцны буудалтай), умард чиглэлд Чернобылийн атомын цахилгаан станц (Беларусийн хилээс 30 орчим км)-ийг тус тус хяналтаа авсан байна. Зүүн хойд чиглэлд Глухов орчим оросын 58-р бригадын цуваа зогссон байна.

Зураг 2. Оросын талын хяналтандаа авсан хот суурин

Ерөнхийлөгч Владимир Зеленский Украинд түрэмгийлэгчийг зогсооход тусалж, НҮБ-ын Украин дахь Энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг Европын холбооны удирдагчдад уриалав. Украины БХЯ Зэвсэгт хүчнийхээ ар тал хангалт, эмнэлгийн тусламжид зориулсан олон улсын хандивын данс нээсэн байна.

Байлдааны ажиллагааны талаар сөргөлдөгч хоёр тал маш зөрүүтэй мэдээлж байна. Тухайлбал, Украины Ерөнхийлөгч В.Зеленский хоёрдугаар сарын 24-ний орой “Эхний өдөр Украины талын 137 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 300 гаруй цэрэг шархадсан байна” гэж мэдэгдсэн. Мөн Украины БХЯ-аас Оросын 7 онгоц, 4 нисдэг тэрэг, 10 гаруй хуягт машин, 100 орчим алба хаагчийг устгасан талаар мэдээлэв. 

Оросын талын мэдээлж байгаагаар Украины СУ-24 нисэх онгоц 2 нэгж, байлдааны нисдэг тэрэг 1 нэгж, нисгэгчгүй нисэх аппарат 4 нэгжийг тус тус устгасан байна. 

ОХУ-ын зүгээс Украины нутаг дэвсгэрт явуулж буй “Цэргийн тусгай ажиллагаа” артиллер, пуужингийн цохилтоор агаарын довтолгооноос хамгаалах систем, аэродромуудыг жагсаалаас гаргаж, улсын болон цэргийн чухал объектуудыг тэнгисийн цэргийн болон агаарын десантаар хяналтдаа авлаа. Хуурай замын цэргийн ажиллагаагаар ДБНУ, ЛБНУ-ын нутаг дэвсгэрт байрлаж буй Украины зэвсэгт хүчний тактикийн бүлгийг устгах гэсэн зорилготойгоор явуулж буй ажиллагаа зарим талаар амжилтад хүрч байгаа ч Украины талын эсэргүүцэлтэй тулгарч байгаагаас ойрын зорилгодоо хүрэх төлөвлөсөн хугацаа нь 1-2 өдрөөр хойшилж магадгүй байна.   

Цаашид Украины цэргийн зарим объектод агаарын болон пуужингийн цохилтыг дахин өгч, армийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр хуурай замын цэргийн ажиллагааг үргэлжлүүлэн эхний зорилгодоо хүрснээр Украины талтай гал зогсоох хэлэлцээрийг зарим болзолтойгоор хийж болзошгүй юм.

Similar Posts