Жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг Хятадын “Хоёр чуулган” (两会 хят.) буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал ( 全国人大 хят. ) болон Бүх Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл (全国政协 хят.)-ийн хурал 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Бээжин хотноо болох гэж байна. Чуулган нь Хятадын улс төр дэх томоохон үйл явдлын нэг бөгөөд тус хурлаар улс орны эдийн засаг, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын төсөв зардал, улс төрийн томилгоо зэрэг асуудлыг хөндөн хэлэлцэж, Засгийн газрын цаашдын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тогтоодог.
Энэ удаагийн БХАТИХ-ын үеэр Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын ажлын тайланг танилцуулах бөгөөд төлөөлөгчид 2022 онд баримтлах бодлого, Хятадын эдийн засгийн өсөлтийн зорилтыг тодорхойлно. Бодлого боловсруулагчид тогтвортой байдлыг чухалчилж, энэ онд 5 хувиас дээш өсөлтөө хадгалах төлөвтэй байна. Хятадын “Zero COVID” бодлого гурав дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн үед энэхүү бодлогын эдийн засаг, аж үйлдвэр болон иргэдийн амьжиргаанд үзүүлж буй сөрөг нөлөөллийн асуудал ихээр хөндөгдөх болсон. Тиймээс энэ удаагийн хурлаар уг бодлогыг өөрчлөх эсэх нь сонирхол татаж байгаа юм.
Өрнөдийн орнуудтай харилцаа таарамжгүй байгаа энэ үед улс орны дотоодоос гадна “Хоёр чуулган”-аар Хятадын гадаад бодлогод холбогдох асуудлуудыг хөндөн хэлэлцэх магадлалтай байна. Импорт, зах зээл, хилээ нээхэд Бээжингийн зүгээс анхаарал хандуулахын зэрэгцээ Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааг урагшлуулж, Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээрт нэгдэхийг эрмэлзэх зэрэг геоэдийн засгийн асуудал энэхүү чуулганаар хэлэлцэх асуудлын гадна үлдэхгүй болов уу.
Зураг 1. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал[s1]
Эх сурвалж: scmp.com