Нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлын асуудлыг дэлхийн улс орнуудын төр засаг, олон нийт, оролцогч талуудад ойлгуулах зорилгоор Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн холбооноос Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн долоо хоногийг “Илүү тогтвортой, тэгш, даван туулах чадвартай эрүүл мэндийн тогтолцоог бий болгох нь” сэдвийн хүрээнд энэ сарын 3-7-ны өдрүүдэд зарлан зохион байгуулж байна. Энэхүү аяныг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Эрүүл мэндийн яамтай хамтран “Эрүүл мэндийг хүний эрх болгох нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг тус хүрээлэнд энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад Монгол хүний аюулгүй байдал,  тэр дундаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах нь нэн чухал бөгөөд хүний эрхтэй зайлшгүй холбоотой. Тиймээс хүний эрхийн байгууллага, эрүүл мэндийн салбарын яамтай хамтран зохион байгуулсан энэхүү зөвлөлдөх уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагууд, эрүүл мэндийн сэтгүүлчид, хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцон санал бодлоо солилцлоо.

https://moh.gov.mn/news/6330

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” сэдэвт салбар хоорондын мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгийг энэ сарын 04-ний өдөр зохион байгуулж, Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаачид оролцон илтгэл хэлэлцүүлсэн юм. Улмаар маргааш буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулах дээд түвшний хууль боловсруулагч, шийдвэр гаргагчдад зориулсан “Илүү тогтвортой, тэгш, даван туулах чадвартай эрүүл мэндийн тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлэгт тус хүрээлэнгийн судлаачид оролцох юм.

Similar Posts