ОХУ энэ сарын 19-20-нд шилжих шөнөөс эхлэн Оросын бүрэлдэхүүнд саяхан нэгдсэн Холбооны дөрвөн субъект болох Донецк, Луганск, Херсон, Запорожье муж улсад дайны байдал зарлаж, бусад мужийг дайны байдлын өмнөх бэлэн байдлын зэрэглэлд орууллаа.

Дайны байдал гэдэг нь ОХУ-ын эсрэг түрэмгийлэл үйлдсэн, эсвэл шууд заналхийлсэн тохиолдолд тус улсын эрх баригчид Үндсэн хуульд заасны дагуу ОХУ-ын бүх нутаг дэвсгэрт буюу хэсэгчилсэн бүс нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний эрх зүйн тусгай дэглэм юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр “ОХУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг гаднаас зэвсэгт хүч хэрэглэж байна” гэх үндэслэлээр Донецк, Луганск, Херсон, Запорожье мужид дайны байдал тогтоох тухай 756 тоот зарлигт гарын үсэг зурснаа мэдэгдсэн бөгөөд уг шийдвэрийг Төрийн дум, Холбооны зөвлөл санал нэгтэйгээр яаралтай баталгаажуулж, өнгөрсөн шөнөөс эхлэн мөрдөж эхэллээ.

Эх сурвалж https://www.bbc.com/russian/news-63320884

Мөн зарлигаар Холбооны муж улсуудыг бэлэн байдлын дөрвөн түвшний зэрэглэлд хувааж, шаардлагатай тохиолдолд онцгой дэглэмийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхийг мужийн захирагч нарт олголоо. Эдгээр бэлэн байдлын дөрвөн түвшний зэрэглэлийн бүсчлэлд дайны байдал тогтоосон 4, дунд түвшний 8, өндөржүүлсэн бэлэн байдлын 18 мужийг хамруулж байгаа бөгөөд бусад Холбооны субъектыг үндсэн бэлэн байдлын түвшинд хамруулжээ.

Дайны байдал зарласан дээрх дөрвөн мужид ОХУ-ын Дайны байдлын тухай хуулийн 7-р зүйлд заасан дараах арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Тухайлбал, ард нийтийн санал асуулга, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль явуулахгүй байх, иргэдийн шилжилт хөдөлгөөний тусгай дэглэм тогтоох, зорчих эрх чөлөөг хязгаарлах, хилээр гарах, жагсаал, цуглаан, ажил хаялт хийхийг хориглох, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, утас, захидал, харилцаанд хяналт цензур тавих, “суртал ухуулга” явуулж буй нам, эвсэл, холбоод (түүний дотор шашны)-ын үйл ажиллагааг түдгэлзүүлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, нэгжлэг хийх, цэргийн хэрэгцээнд зориулж ажил гүйцэтгэхэд иргэдийг татан оролцуулах, оршин суугчдыг “аюулгүй газар” руу нүүлгэн шилжүүлэх зэрэг 19 заалт багтдаг байна.

Бэлэн байдлын бусад түвшинд хамрагдсан Холбооны субъектуудын эрх баригчид хүчний байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шуурхай штаб байгуулах, цэргийн хэрэгцээнд зориулж, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг дайчилгааны арга хэмжээг явуулах, тээвэр, харилцаа холбооны байгууламжийг батлан хамгаалах хэрэгцээнд ашиглах, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, амралт чөлөөг хориглох, нийтийн хэв журам сахиулах, дэд бүтцийн чухал байгууламжид онцгой дэглэмийг тогтоох, тээврийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хяналт шалгалтыг чангатгах,  иргэдийн орох, гарах, зорчих эрх чөлөөг хязгаарлах эрхтэй боловч одоогоор ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээгүй байна.

Similar Posts