Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Ногоон санхүүжилт, Бүс нутгийн чуулган” гуравдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, ССХ-ийн Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын судалгааны төвийн шинжээчид оролцлоо.
Чуулганы үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийн баримт бичгийг зөвлөл баталлаа. Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг баталж, хэрэгжүүлснээр банкны салбарт ногоон зээлийг нийт зээлийн 10 хувьд хүргэх боломж бүрдэнэ.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжиж ажиллана.
Замын зургийн хүрээнд тогтвортой санхүүг хөгжүүлэх суурь нөхцөл, бодлогын таатай орчин бүрдүүлж, төсөв, санхүүг ногоон хөгжилд чиглүүлэн, ногоон санхүүжилтийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх замаар ногоон банк, санхүүгийн байгууллагуудыг хөгжүүлж, тэдгээрийн байгаль орчин, нийгэм, засаглалын болон уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулж, ил тод, нээлттэй тайлагналыг дэмжих юм байна.
Тус чуулганы үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаар бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах уриалга гаргалаа. Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд газрын доройтлыг бууруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх нэгдсэн хөтөлбөр батлан хэрэгжүүлэх; Монгол Улсын өмнөд хэсэг, БНХАУ-ын хойд хэсгийн газар нутгийг ойжуулж, элсний нүүдлээс хамгаалах зурвас байгуулах “Ногоон хэрэм” төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, “Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэн, зөвлөмж гаргасан. Зөвлөмжийг 4 дүгээр сарын 7-8-нд болох Монголын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаанд танилцуулах ажээ.