БНАСАУ 2022 он гарсаар арав гаруй пуужин хөөргөсөнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан бол АНУ-ын зүгээс шинэ тогтоол бүхий хориг арга хэмжээ өргөн барихаар зэхэж буйгаа зарлаад байна. Тогтоолын төсөл батлагдах эсэх нь Аюулгүйн зөвлөлийн бусад байнгын болон байнгын бус гишүүдээс шалтгаалах юм. АНУ-ын зүгээс энэ оны нэгдүгээр сард пуужингийн туршилттай холбоотой БНАСАУ-ын таван иргэнийг хоригт оруулах хүсэлт гаргасан боловч Аюулгүйн зөвлөлийн байнгын хоёр гишүүн БНХАУ, ОХУ дэмжээгүй юм. Тодруулбал, БНХАУ-ын зүгээс хориг арга хэмжээний төслийг судлах хугацаа хэрэгтэй гэсэн бол ОХУ-ын хувьд нотлох баримт дутмаг байгааг онцолжээ. Өдгөө НҮБ-ын Дүрмийн дагуу байнгын гишүүний хориг тавих хугацаа хагас жил үргэлжлэх бөгөөд бусад гишүүн саналыг бүрмөсөн хасах хүртэл уг төслийг гурван сараар сунгах боломжтой байдаг аж.
Ташрамд дурдахад, НҮБ-ын тогтоолд аливаа баллистик пуужин харвахыг хориглосон байдаг бөгөөд 2017 оноос хойш БНАСАУ алсын тусгалтай пуужин болон цөмийн туршилтаа зогсоогоод байсан билээ. Цаашид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэхэд бүх талуудтай хамтарч ажиллах, цар тахлын нөхцөл байдалд БНАСАУ-д тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ НҮБ-ын ЕНБД-ын Улс төр, энхийг цогцлоох асуудал эрхэлсэн орлогч Розмари ДиКарло мэдэгдэв.
Үүнээс гадна БНАСАУ-ын Пунгри суурингийн газар доорх хонгилыг сэргээн засварлаж байгаа гэх бөгөөд 4.5 жилийн дараа дахин цөмийн туршилт хийж эхлэх магадлалтайг зарим эх сурвалж онцоллоо.