НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (FAO) Ерөнхий захирал Цю Дунюгийн тэмдэглэснээр сүүлийн хоёр жилд COVID-19 цар тахал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд олон бэрхшээл учруулсан бол Орос, Украинд болж буй үйл явдал өөр шинэ сорилтыг бий болгож байна.
ОХУ, Украин Улс нь дэлхийн хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дэлхийн арвайн нийлүүлэлтийн 19%, улаан буудайн 14%, эрдэнэ шишийн 4% -ийг хангаж, дэлхийн үр тарианы экспортын гуравны нэгээс илүү хувийг бүрдүүлдэг бөгөөд дэлхийн наран цэцгийн тосны экспортын зах зээлийн 52 хувийг хангадаг рапсын тэргүүлэгч нийлүүлэгчид юм. Түүнчлэн ОХУ нь дэлхийн бордоо, улаан буудайны томоохон экспортлогч үйлдвэрлэгч юм.
Украин, ОХУ-ын үр тариа, тосны ургамлын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн тасалдал ба ОХУ-ын экспортын хязгаарлалт нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ихээхэн сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Энэ нь ялангуяа улаан буудайн нийлүүлэлтийн 30 ба түүнээс дээш хувь нь Орос, Украинаас хамааралтай орнуудын хувьд хүндээр тусах аж. Тэдний ихэнх нь Хойд Африк, Ази, Ойрх Дорнодын буурай хөгжилтэй эсвэл орлого багатай, хүнсний хомсдолтой орнууд юм. Европ болон Төв Азийн олон орон бордооныхоо 50 гаруй хувийг ОХУ-аас авдаг бөгөөд хомсдол ирэх жил хүртэл үргэлжлэх магадлалтай байна.
Үүний улмаас 2022-2023 онд дэлхийн үр тариа, бордооны үнэ 8-22 хувиар өсөж дэлхийн 8-13 сая хүн хүнсний дутагдалд орох магадлалтай байна.
Дэлхийн үр тарианы зөвлөлийн тэргүүн Арно Пети үүсээд буй нөхцөлийн улмаас Энэтхэг болон Австрали улсын үр тарианы нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх боломжгүй гэв. Энэ нь Канад, Аргентин, Австрали улсууд энэ жилийн тариалалтаа нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа боловч ОХУ, Украины асуудлаас үүссэн газрын тосны үнийн өсөлт тариалалтад сөргөөр нөлөөлж удаашруулах төлөвтэй байна гэж мэдэгджээ.
Хүнсний бүтээгдэхүүн импортлогч улсууд их хэмжээний нөөц үүсгэж байгаа нь олон улсын зах зээлд тус бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бий болгоод байна. Энэ нөхцөлд бусад экспортлогч орнууд экспортын хэмжээг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа бол импортлогчид дотоодын нөөц боломжоо ашиглахыг оролдож байна.
Ливан улсын эдийн засгийн сайд Амир Салям ОХУ-аас импортолж байсан үр тариаг АНУ болон Энэтхэг улсаас авахаар тохиролцоонд хүрчээ. Урьд өмнө үр тарианы 70 хувиа ОХУ-аас, 10 хувиа Украин Улсаас хангаж байсан дэлхийн үр тарианы хамгийн том импортлогч Египет улс (2021 онд 6.1 сая тонн ) Энэтхэг улсаас импортоор авахаар тохироод байна.
ОХУ-ын экспортын үр тариаг тус зах зээлд Энэтхэг улс нөхөхөөр төлөвлөж байгаа тул энэ жил нэмж үр тариа хадгалах элеватор болон ачиж буулгах боомтын тоогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: https://www.fao.org/emergencies , https://www.kommersant.ru