Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт бөгөөд тэдгээр улстай бүхэлд нь тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхээр тусгасан. Мөн АНУ, БНЭУ, БНСУ, БНТУ, Япон Улс зэрэг Өрнө дорнын улс, Европын холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази (ЗХА), Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох талаар заасан байдаг.

Өөрөөр хэлбэл: Үндэсний аюулгүй байдлаа улс төр дипломатын аргаар хангах бодлогын хүрээнд бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилтыг Монгол Улс тавьж, энэ чиглэлд хичээн зүтгэж ирсний томоохон илрэл нь “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал юм.

ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгээс санаачлан, Жорж Маршалын нэрэмжит Европын аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран “Төв, ЗХА-ийн аюулгүй байдлын ирээдүй: Улаанбаатар – Шинэ Хельсинк” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2008 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан нь өнөөгийн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний эхлэлийг бодитоор тавьсан юм. Анх бүс нутгийн улсуудыг оролцуулах, ялангуяа Япон, Өмнөд болон Умард Солонгос улсуудыг оролцуулж, тэдний байр сууриа илэрхийлэх, харилцан ярилцах индэр болгох, хоёр талын уулзалт зохион байгуулахад анхаарсан. Энэ хуралд дотоод, гадаадын олон хүндэт зочдоос гадна Монголын талаас УИХ, Засгийн газрын гишүүд, бусад холбогдох байгууллагын 70 гаруй эрдэмтэн, судлаач, ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, ХБНГУ, БНФУ, БНТУ зэрэг 23 улсын 40 гаруй эрдэмтэн, олон улсын байгууллагын төлөөлөгчид, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, ЭСЯ-ны ажилтнууд оролцсон.

Манай улс ЗХА-ийн бүс нутгийн улсуудтай эрх тэгш харилцдаг давуу талаа ашиглан Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг 2013 онд дэвшүүлж, бүс нутгийн улсуудад олон улсын яриа хэлэлцээний талбар болгох үүднээс албан ёсоор зарлаж, Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран 2014 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Үе үеийн төр засгийн удирдлага энэхүү хурлыг зохион байгуулахыг бүх талаар дэмжиж ирсний үр дүнд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зөвхөн бүс нутгийн төдийгүй, олон улсын байгууллагууд, бидэнтэй харилцаа, хамтын ажиллагаатай улс орнуудын сонирхлыг татсан арга хэмжээ болж өргөжсөн. Ялангуяа их гүрнүүдийн хооронд геополитикийн өрсөлдөөн, сөргөлдөөн даамжирч, бусад улсын гадаад бодлогын орон зай хумигдаж байгаа өнөө үед бид улс орондоо олон улсын оролцоотой арга хэмжээг зохион байгуулж, олон улсын тавцан дахь байр суурь, нэр хүндээ бэхжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой юм. Мөн Төв Ази, Зүүн хойд Азийг холбон орших манай гео-стратегийн онцлог, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворжуулахад оруулж болох бодит хувь нэмэр, нөхцөлийг харгалзан үзэж бага хурлын үйл ажиллагааг өргөжүүлж ирснээр хуралд оролцогч байгууллага болон судлаачдын тоо  жилээс жилд нэмэгдэн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яриа хэлэлцээний механизм болсон байна.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хурал үндсэн таван хэсгээс бүрдэх ба тус бүрдээ сонирхол татсан сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж ирсэн. Эхний хуралдаанаар Зүүн хойд Азийн орнууд төдийгүй бусад улсын судлаач нар бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжуудын талаар ярилцдаг бол хоёрдугаар хуралдаанаар бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэж ирсэн. Түүнчлэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүч, залуучууд, цаг уурын өөрчлөлт зэрэг цаг үеийн чухал сэдвүүдийг 3-5 дугаар хуралдаанаар хөндөж ярилцдаг.

Энэхүү хурлын хүрээнд ССХ болон манай улсын судалгааны хүрээлэнгүүд гаднын судалгааны байгууллага, хүрээлэн, судлаач нартай хоёр талын уулзалт зохион байгуулах, тодорхой асуудлуудаар санал бодол, мэдээлэл солилцох томоохон боломж бүрддэг. Ингэснээр бид төр, засгийн бодлого, үйл ажиллагаагаа гадаад ертөнцөд зөвөөр таниулах, улс төрийн түвшинд ярилцах боломжгүй асуудлуудаар судлаачид харилцан ярилцаж, гарц гаргалгааг олоход тустай.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын хуралд оролцогч улсуудын Гадаад харилцааны яамны удирдах албан тушаалтан, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүнийг оролцуулсан “хаалттай” нэгдүгээр сувгийн хуралдааныг Гадаад харилцааны яам хариуцан зохион байгуулдаг.

Монгол Улсын энэ санаачилгыг НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс дэмжин, хамтран зохион байгуулагч олон улсын байгууллага болсон. Мөн НҮБ-ын Улс төрийн газар “Бүс нутгийн залуучуудын салбар хуралдаан”-ыг 2019 оны хурлаас эхлэн хамтран зохион байгуулж ирсэн.

Анх хурлыг зохион байгуулахад АНУ-ын Азийн сан, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Нээлттэй нийгэм хүрээлэн санхүүгийн дэмжлэг үзүүлж, манай улсын гадаад бодлогын эл санал санаачилгыг дэмжиж байсан болно. Харин 2022 оноос энэ хурлыг манай улс бие даан зохион байгуулж байна. Түүнчлэн Голомт банк 2024 оноос эхлэн үндэсний түншлэгчээр оролцож, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг болсон. Улаанбаатар хотын захиргаа, Улаанбаатар зочид буудал 2025 оноос эхлэн хамтран ажиллахаар тохиролцоод байна.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г 2014 оноос хойш тасралтгүй зохион байгуулсны үр дүнд энэ хурал манай гадаад бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй , Монгол Улс болон бүс нутгийг сонирхдог эрдэмтэн, судлаачид, дипломатуудын анхаарлыг татсан арга хэмжээ болоод байна. Олон улс, шинжээчдийн сонирхлыг татаж буй бидний төвийг сахисан, энх тайван ч гадаад бодлого, байр суурийг дэлхийн улс орнуудад таниулах, улмаар бүс нутгийн хамтын ажиллагааны төв болох боломж, нөхцөлийн талаар хэлэлцэх тус бага хурлаар Төв Ази, ЗХА-д тулгарч буй аюулгүй байдлын сорилтуудыг судлах, аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизмын төлөвшлийг дүгнэж, эцэст нь бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын гүйцэтгэж болох үүрэг, байр суурийг тодорхойлохыг зорьж байна. Энэ ч утгаараа Улаанбаатар хот Төв болон ЗХА-ийн хувьд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны шинэ талбар буюу “Шинэ Хельсинк” болох боломжийг онолын хувьд тодорхойлон дэвшүүлэх, практик ач холбогдлыг томьёолохыг манай судлаачид эрмэлзэж байгаа юм. 

Ингэснээр “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хурал зөвхөн ЗХА-ийн улсаар хязгаарлагдахаа больж, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын томоохон байгууллагууд, манай “гуравдагч хөрш”-ийн тоонд багтдаг улс орнууд идэвхтэй оролцдог, жил бүрийн 06 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагддаг, ЗХА болон Төвийн Азийн хоёр бүс нутгийг холбосон арга хэмжээ болох ирээдүйтэй.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал зохион байгуулсан өдрүүд:

Анхдугаар хурал       – 2014.06.17

Хоёрдугаар хурал      – 2015.06.25-26

Гуравдугаар хурал    – 2016.06-16-17

Дөрөвдүгээр хурал    – 2017.06.15-16

Тавдугаар хурал        – 2018.06.14-15

Зургаадугаар хурал   – 2019.06.05-06

Долоодугаар хурал    – 2022.06.23-24

Наймдугаар хурал     – 2023.06.15-16

Есдүгээр хурал          – 2024.06.06-07

Аравдугаар хурал      – 2025.06.05-06 (Төлөвлөгдөж байна)

Similar Posts