2022-оос 2023 он солигдох мөчид дэлхийн улсуудын удирдагчид ард иргэддээ өнгөрч буй 2022 оныг дүгнэж, ирж буй 2023 онд гол анхаарах зүйлээ тодорхойлон шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2022 он хүндрэл бэрхшээлтэй байсан ч зайлшгүй гаргах шийдвэр, авч хэрэгжүүлэх арга хэмжээ олон байсныг дурдаж, Украины дайн гол сорилт болж байгаа, үүнд зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, ард түмэн хүчин зүтгэж, дэмжиж байгаад талархал илэрхийлж баяр хүргэн, цаашид үргэлжлүүлэн тэмцэхээ илэрхийлж, эх орныхоо төлөө зүтгэх ариун үүргийг ард түмэндээ сануулав.
Тэрээр хэлэхдээ өнгөрсөн жил ОХУ-д төдийгүй дэлхийд асар их өөрчлөлт, тодорхойгүй байдал, шаналал, зовлон авчирсан жил байсан. Цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй дайчдаа бид улс орон, ард түмнээрээ дэмжсэн. Оросын тусгаар тогтнол, бүрэн эрхт болон аюулгүй байдал биднээс хамаарч ирсэн, хамаарсаар байх болно. Өнөөдөр бид ОХУ-ын шинэхэн бүс нутгууд дахь түүхэн газар нутаг дээрээ хүмүүсээ хамгаалан тэмцэж байна. Бидэнд Оросын ирээдүй хамгийн чухал. Эх орноо хамгаална гэдэг бидний өвөг дээдэс, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн ариун үүрэг. Ёс суртахуун, түүхэн үнэн бидний талд байна гэв.
Энэ жилээс бүрэн хэмжээний хоригт ороод байна. Тэд манай үйлдвэрлэл, санхүү, тээвэрлэлтийг дахин сэргэхгүй болтол унагаахыг хүсэж байна. Бид эдийн засгаа сэргээхийн тулд чухал арга хэмжээ авсаар ирсэн, цаашид ч авах болно. Эх орон, эрх ашиг, ирээдүйнхээ төлөө хийж буй бидний тэмцэл шударга олон тулгуурт дэлхийн дэг журмын төлөө бусдад үлгэр жишээ болох болно гэв.
Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд зориулан Та бүхэн энэ тэмцлийн хамгийн хүнд хүчрийг үүрч байгаа бидний баатрууд. Та бүхэнд болон та бүхнийг дэмжин тусалж байгаа бүгдэд чин сэтгэлээс шинэ жилийн мэнд хүргэж талархлаа илэрхийлье. Хохирол амссан ар гэрийн гашуудал, зовлонг ойлгож хуваалцаж байна. Тэдний гэр бүл, хүүхдүүдэд бид туслах болно. Одоо гашуудал, үл ойлголцлыг хойш нь тавьж, бие биеэ хайрлаж, бүх сорилтуудыг даван туулж, эх орноо илүү агуу, тусгаар тогтносон байлгахын төлөө байх ёстой. Бид гэр бүлийнхээ төлөө, Оросын төлөө, ганцхан заяах эх орныхоо ирээдүйн төлөө зөвхөн урагшаа алхах ёстой гэсэн байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2022 онд БНХАУ олон талаар амжилт ололттой байсныг тэмдэглэж, улс орны хэмжээнд болсон чухал үйл явдлуудыг дурдаж, хүндрэл бэрхшээлийг даван туулж байгаад ард түмэндээ баяр хүргэж, улам илүү нэгдэлтэй, хүчин чармайлттай ажиллаж Хятадыг хүчирхэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Тэрээр өнгөрсөн онд ХКН-ын 20 дугаар их хурлыг амжилттай зохион байгуулж, Хятад үндэстнийг цэцэглүүлэн хөгжүүлэх, орчин үеийн социалист улсыг бүтээн байгуулах, шинэчлэлд хүрэх чиглэлд бүхий л талаар томоохон алхам хийснээ онцолж эдийн засгийн хүрсэн амжилтуудыг дурдав. Тухайлбал, өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 120 их наяд юаньд хүрч, 19 дэх жилдээ хангалттай хэмжээний ургац хураан авч, ядуурлыг бууруулах, хотжилтыг эрчимжүүлэхэд томоохон амжилтад хүрч, бизнес эрхлэгчдэд ноогдуулах татварыг бууруулсан гэв.
Мөн жилийн туршид Ковидын асуудал хүндрэл учруулж байсан боловч хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьсан. Энэ ажилд тэргүүн эгнээнд ажилласан хүмүүст талархал илэрхийлж, Ковид шинэ үедээ орж байгаа учир илүү сонор сэрэмжтэй байх ёстой. 2022 онд таалал төгссөн эрхэм нөхөр Зянь Зэмин Хятадын хувьд домог болсон тулгуур амжилтын алхмуудыг хийсэн нь хүндэтгэл үзүүлэх, шинэ эринд Хятадын онцлогтой социализмыг цогцлоох түүний хүслийг биелүүлж, урагшлах ёстойг сануулсан.
Тэрээр Хятад улс олон үеийнхний хүч чармайлтаар өнөөгийн энэ оргилд ирээд байна. Хятадад өнөөдөр мөрөөдөл бодит байдал болж байна. Бид Бээжингийн өвлийн олимп, паралимпийг амжилттай зохион байгуулж, багаараа өндөр амжилт гаргасан. Шензоу-13, 14, 15[1] хөлгүүдийг сансарт амжилттай хөөргөж Хятадын сансрын станц бүрэн ашиглалтад орж сансарт эргэж байна. Зэвсэгт хүчин маань хүчирхэг арми болон хөгжиж 95 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Хятад улс гуравдагч нисэх онгоц тээвэрлэгч Фужиан[2]-аа үйлдвэрлэн, Хятадын хамгийн том зорчигч тээвэрлэгчийн онгоц С919, Байхетаны усан цахилгаан станцаа бүрэн ажиллагаанд орууллаа. Хятадын хөгжил улам бүр хүрээгээ тэлж, төв, баруун болон зүүн хойд бүсийн хилийн орон зайд өргөн хэмжээний хөгжил цэцэглэлийг авчирч байна. Хонгонг, Макоад тайван байдал тогтлоо. Бид байгалийн олон гамшигтай нүүр тулж, даван гарсан. Гамшигтай тэмцэх чадавхаа улам илүү бэхжүүлэх болно. Хятад улс улам бүр даян дэлхийтэй холбоотой болж байна. Дэлхий өнөөдөр тайван амгалан газар болж чадаагүй байна. Бид хүн төрөлхтний эх тайван, хөгжил цэцэглэлд Хятад ухаан, шийдлээр хувь нэмрээ оруулах ёстой. Бидний ахмад үе, намын төв удирдлага 1930-1940 онуудад хүнд бэрхийг давж гарсан одоо бид “Хамгийн хэцүү рүү дайрч, хамгийн хол руу онилох ёстой”. Хятад бол маш том улс. Өнөөдөр хүмүүс нэг ижил асуудлаар өөр өөр бодол, санаатай байх нь хэвийн зүйл. Хамгийн чухал нь харилцаж, ярилцаж, зөвлөлцөж, зөвшилцөлд хүрэх замаар шийддэг байх нь чухал. 1.4 тэрбум хүний зүрх, сэтгэл нэг зүйлд төвлөрвөл чадахгүй байхгүй. Тайван дахь нэг гэр бүлийн гишүүд маань тайван замаар нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Японы Ерөнхий сайд Кишида Фумио 2022 онд болсон дэлхийн болон тус улсын гол гол сорилтуудыг дурдаж даван гарсан талаар тэмдэглэж 2023 онд Япон улсын эдийн засаг, аюулгүй байдлын гол зорилтуудыг мэдэгдэв. Тухайлбал, өнгөрсөн жил Ковидын омикрон хувилбар тархсан, Орос Украины эсрэг түрэмгийлсэн, эрчим хүчний хямралаас үүдэж үнэ өссөн, иений ханш эрчимтэй унасан, Ерөнхий сайд асан Аби буудуулж харамсалтайгаар амь үрэгдсэн зэрэг олон үйл явдал өрнөсөн жил байсныг дурдаж энэ бүхэн нь өнөөгийн дэлхий олон улсын дэг журам болон эдийн засгийн хувьд түүхэн эргэлтийн цэг дээр дөхөж ирээд байна гэж үзсэн. Тэрээр түүхэн эргэлтийн энэ цагт бид зогсолгүй урагшилж, өөрсдийгөө өөрчлөх замаар энэ бүх сорилтыг даван шинэ эринд тохирох Япон улсыг бий болгох ёстой.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үүссэн хүндрэлтэй асуудлуудыг бид шийдэх ёстой. Тогтвортой, бүхнийг хамруулсан, шинэ эдийн засгийн загвар болох капитализмын шинэ загварыг хөгжүүлэх ёстой. Энэ загварын дагуу бид нийгмийн болон эдийн засгийн хөгжлийг хангах асуудлыг нэг дор шийдвэрлэж нийгмийн асуудлуудыг өсөлт хөгжилтийн хөдөлгүүр болгоно. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ногоон, цахим, старт ап, инновацын чиглэлд хүний болон санхүүгийн нөөцийг төвлөрүүлэн, дорвитой хөрөнгө оруулалт, шинэчлэл хийнэ.
Өнөөдөр Япон улс аюулгүй байдлын хамгийн хүнд нөхцөлд ирээд байна. Оросын Украинд хийж буй дайн, илүү бодитой болж буй цөмийн аюул, хуваагдаж буй олон улсын хамтын нийгэмлэг зэрэг сорилтууд тулгарч байна. Энэ жил Япон улс НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдож ажиллахын зэрэгцээ Их 7-г удирдаж дээд хэмжээний уулзалтыг нутагтаа зохион байгуулна. Энэ боломжийг ашиглан нэг талын хүчээр болон цөмийн заналхийллээр олон улсад статус кво-г өөрчлөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэх болно. Өнгөрсөн жил батлагдсан шинэ ҮАБ-ын стратегийн дагуу дипломат үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, түүнийг дэмжиж батлан хамгаалах чадавхаа улам бүр бэхжүүлнэ.
Өнгөрсөн жил бид Ковидыг давах, Японы эдийн засгийг сэргээх, олон улсын шинэ дэг журам бий болгох чиглэлд тулгууруудыг тавьж чадсан. 2023 онд бид Японы батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, Капитализмын шинэ хувилбарыг хөхүүлэн дэмжих, ногоон хувьсгалд хүрэх, шинэ эринд реалист дипломатыг хэрэгжүүлэх санаачилгуудаа бодит ажиллагаанд оруулна гэжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юүн Сүк Ёл мэндчилгээндээ: эдийн засгийн асуудлыг тулгуур болгон авч үзэж, 2023 онд онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилтуудаа танилцуулсан. Тухайлбал, өнгөрсөн жил бид дэлхийн эдийн засгийн хямралтай тодорхойгүй үед гадаадад болон дотоодод хүндрэл бэрхшээлтэй учирсан ч даван гарсан. 2022 онд дэлхийн хэмжээнд нийлүүлэлтийн сүлжээний гацалтаас түүхий эдийн үнэ өсөж, инфляц бий болсныг улс орнууд зээлийн хүүгийн түвшнийг өдөр байлгах замаар тэнцвэржүүлэх гэж оролдож ирсэн.
Ирэх жил дэлхийн эдийн засаг хямрал руу орох магадлал улам бүр өндөр байгаа нь манай эдийн засгийн өсөлтийг удаашруулах магадлалтай учраас эдийн засгийн нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Дэлхийн худалдааны байгууллагын ач холбогдол буурч, улс орнууд дотоодын зах зээлээ хамгаалсан бодлого хүчирхэгжиж байгаа үед аюулгүй байдал, эдийн засаг, технологийн нэгдсэн гурвалсан ажиллагааны бодлого байх шаардлагатай. Өнгөрсөн 6 дугаар сард харвасан Нури[] пуужинг сансарт амжилттай илгээсний суурин дээр сансрын эдийн засгийн шинэ эрин, хязгааргүй боломжийг бидний ирээдүй үед нээж байна. Ирээдүйн стратегийн технологиудад урьдчилсан байдлаар, эрс тэс хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Одоогоор Засгийн газраас 30 их наяд воныг судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулаад байна.
Дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн үед инновац бүхий шинэ технологи, үйлдвэрлэлийг бий болгосон улсууд чанартай ажлын байр бий болгож, тогтвортой өсөлтөд хүрдгийг дэлхийн түүх бидэнд харуулсан. Бид стратегийн голлох технологиуд болох сансар, хиймэл оюун ухаан, дэвшилтэт био-инженерчлэл, ирээдүйн технологийн зах зээл зэрэг салбарт давамгай байр сууриа бэхжүүлж IT, био, батлан хамгаалах, цөмийн энергийн үйлдвэрлэл, карбон хор ялгаралтыг бууруулах технологи болон соёл урлагийн чиглэлээр шинэ үеийг эхлүүлнэ.
Бидэнд экспортын бодлого хамгийн чухал ч өнгөрсөн бодлогоос өөр байх ёстой. Манай дэд бүтцийн бүтээн байгуулалт, цөмийн цахилгаан станц, батлан хамгаалах үйлдвэрлэл шинэ экспортын хөдөлгүүр болж байна. Дэлхийн өнцөг булан бүрд экспортоо хүргэж ажиллана. Өнөөгийн олон улсын харилцаанд эрх чөлөө, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлтэй улс орнууд эдийн засаг, үйлдвэрлэлээрээ хамтарч байгаа хандлага байгаа бөгөөд энэ нь өнөөгийн гадаад харилцаанд баримтлах хамгийн стратегийн сонголт болоод байна. Бидний ирээдүй хөдөлмөр, боловсрол, тэтгэвэр гурав дээр тулгуурлаж байгаа учраас энэ гурван чиглэлээр өргөн хэмжээний шинэчлэлийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд энэ жил дөрөвдөх жилдээ ард түмэндээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэнгүй. Харин тэрээр хуучин оны төгсгөлд болсон Ажилчдын намын хурлын үед БНСУ-ыг дайсан хэмээн зарлаж, 2023 онд тактикийн цөмийн пуужинг асар олноор үйлдвэрлэх, тив алгасах пуужингийн шинэ төрлийг бүтээх зэрэг асуудлаар мэдэгдэл хийсэн бол, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден эхнэрийн хамт ард түмэндээ энгийн байдлаар мэндчилгээ дэвшүүлж АНУ-ын ирээдүйд өөдрөг байгаагаа илэрхийлсэн байна.
[1] 2021 онд Шензоу-13 (Shenzou 13), 2022 онд Шензоу- 14, 15 сансарын хөлгүүдийг Хятад улс амжилттай хөөргөсөн. Шензоу-13, 14 2022 онд газарт бууж ирсэн, 15 одоо тойрог замд байгаа бөгөөд 2023 онд бууна.
[2] Хятад улс 2022 оны зургаадугаар сард Фужиан (Fujian) Type-003 ангиллын гуравдах нисэх онгоц тээвэрлэгчээ үйлдвэрлэсэн бөгөөд энэ жил их далайд албан ёсоор гарах гэж байгааг 2022.01.04-нд Хятадын батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Уг хөлөг 80 мянган тонн усны багтаамжтай бөгөөд өмнөх хоёр загвараасаа 50 хувь том юм.
[3] 2022 оны зургаадугаар сард Нури (Nuri) сансрын пуужин харваж сансарт 6 хиймэл дагуул амжилттай хөөргөж чадсан. 2021 онд анх удаа харвахад бүрэн амжилттай болж чадаагүй байна.