Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын конвенцын талуудын 27 дугаар бага хурлыг (COP27) Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотод 2022 оны 11 дүгээр сарын 06-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус хурлын эхэнд зохион байгуулдаг дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжин, өөрийн зохих хувь нэмрийг оруулсаар ирснийг онцлоод хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор Монгол Улс “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “тэглэх” зорилт тавин ажиллаж байгааг зарласан юм.
Тус бага хурлаар дэлхийн хоёр зуугаад орны төр, засгийн тэргүүнүүд хүлэмжийн хийг сааруулах, хөгжиж буй улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, тэмцэхэд техникийн туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон өнгөрсөн 26 дугаар бага хурлаар шийдэж чадаагүй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирсан хохирол, алдагдлын санхүүжилт, дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийг бий болгох, нүүрсний хэрэглээг бууруулах амлалтыг чангатгах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.