ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус өргөтгөсөн хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр зарлаж, Украины хямрал болон Донецк, Луганскийн асуудлыг олон нийтэд нээлттэй авч хэлэлцэв. Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүд “Донецк, Луганскт үүсээд байгаа хүмүүнлэгийн хямралыг зохицуулах цорын ганц арга зам нь эдгээр субьектүүдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх явдал мөн” гэдэг дээр санал нэгдэж, улмаар мөн өдрийн орой В.Путин Донецкийн Бүгд найрамдах улс (ДБНУ) болон Луганскийн Бүгд найрамдах улс (ЛБНУ)-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай зарлигт гарын үсэг зурав. Украины тал Минскийн гэрээг үл тоомсорлож, барууны орнуудын дэмжлэгт дулдуйдан асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэхийг эрмэлзэж байгаагаас ОХУ-ын 800 мянга орчим иргэн оршин суудаг энэ хоёр мужид найман жилийн турш хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байгаа нь ийм шийдвэр гаргах үндэслэл болсон байна.
Мөн ДБНУ, ЛБНУ-тай албан ёсны дипломат харилцаа тогтоож, бүрэн эрх, аюулгүй байдлыг хангахын төлөө харилцан ажиллах тухай гэрээг батлах хуулийн төслийг ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володинд хүргүүлж, дээрх хоёр “улс”-ын удирдагчдын хүсэлтийн дагуу ОХУ-ын зэвсэгт хүчний оролцоотойгоор “Энхийг дэмжих” ажиллагаа явуулахыг БХЯ-ндаа даалгасан байна.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский Батлан хамгаалах үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг яаралтай зарлаж, үүнд Украин болон ХБНГУ, Туркийг оролцуулахыг уриаллаа.АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-ын энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж сөрөг арга хэмжээг шуурхай, хатуу авахаа илэрхийлж байгаа бол манай өмнөд хөрш БНХАУ-ын Засгийн газраас албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Дашрамд дурдахад Бээжин 2008 онд Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч Оросын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцээгүй юм.
ДБНУ, ЛБНУ-д бүх нийтийн дайчилгаа зарлаж, энгийн иргэдийг Оросын нутаг руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд ОХУ-ын Төрийн Дум харилцан туслалцах тухай гэрээг баталж, Оросын “Энхийг дэмжих” хүчний цэргүүд орж иртэл бие даан байлдааны ажиллагаа явуулна.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинаас салан тусгаарлаад байсан Донецкийн болон Луганскийн Бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх зарлигт гарын үсэг зурж, улмаар эдгээр субъектын аюулгүй байдлыг хангах “Энхийг дэмжих ажиллагаа”-г зэвсэгт хүчний оролцоотой явуулахыг батлан хамгаалах яамандаа даалгасан нь Зүүн Европын цэрэг-улс төрийн байдлыг улам хурцатгаж Орос, Украины хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэх нь бодитой боллоо. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ болон барууны орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг хатуу хориг хэмжээ авах нь тодорхой бөгөөд үүнд Кремль бэлтгэлтэй байснаа илэрхийлж байгаа ч тус улсын эдийн засагт хүлээгдэж байгаагүй хүнд цохилт ирэх өндөр магадлалтай юм.