Орос-Украины дайны улмаас Европын улсууд үндэсний аюулгүй байдлын стратегиа (ҮАБС) шинэчлэн боловсруулах; батлан хамгаалах зардлаа өсгөх; зэвсэг, техник хэрэгсэл худалдан авах; цэргийн албан хаагчдынхаа тоог өсгөх замаар үндэсний батлан хамгаалах, цэргийн хүчин чадлаа бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх боллоо.

 Үндэсний аюулгүй байдлын стратегиа шинэчлэх

Аюулгүй байдлын энэ эрчимтэй өөрчлөлттэй уялдуулан Европын улсууд ҮАБС-иа шинэчлэн боловсруулж байна. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн сайд А.Баербок “Энэ стратеги нь Германы дэлхийн хэмжээний эрх ашгийн асуудлыг үндэсний батлан хамгаалах бодлоготой хамт авч үзэхийн зэрэгцээ гол хоёр өрсөлдөгч ОХУ, БНХАУ дээр төвлөрнө. Шинэ стратеги нь зөвхөн цэргийн салбараар хязгаарлагдахгүй, эдийн засаг, соёл, спорт, хүн амын амьдралын түвшний асуудлыг багтаана” гэж мэдэгдсэн.

Франц улс батлан хамгаалах шинэ стратегиа ид хэлэлцэж байна. Тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон “Францын шинэ батлан хамгаалах стратеги нь гурван түвшинтэй.

Польш улс Эх орноо Батлан хамгаалах хуулийг 2022 оны гуравдугаар сард батлан гаргасан. Энэ хууль нь бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, батлан хамгаалахын зардлын шинэчлэлийг багтаахын зэрэгцээ тус улсын цэргийн стратегийн хөгжлийн чиглэлийг тодорхойлсон. Хуульд зааснаар зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог эрс нэмэх төдийгүй 2023 оноос эхлэн тус улсын жил тутмын батлан хамгаалах зардал ДНБ-ийх нь 3 хувьд хүрнэ. Тус улсын Ерөнхийлөгч А.Дуда ”Польш улс үр дүнтэй хамгаалалт явуулах чадвартай улс байх ёстой” гэж мэдэгдсэн.

Батлан хамгаалах зардлаа нэмэх

Орос-Украины дайн эхэлснээс дөнгөж дөрөв хоногийн дараа Германы канцлер О.Шолц зэвсэгт хүчнээ шинэчлэхэд зориулж батлан хамгаалахын тусгай санд 100 тэрбум евро хуваарилж байгаагаа зарласны зэрэгцээ 2022 онд тус улсын ДНБ-ий 1.53 хувийг эзэлж буй батлан хамгаалахын төсвөө НАТО-гийн гишүүн орнуудад тавьдаг шаардлага болох 2 хувьд хүргэхээ мэдэгдсэн юм. Удаан хугацааны туршид ДНБ-ий дөнгөж 1.06 хувийг эзэлж ирсэн тус улсын батлан хамгаалахын зардал дөнгөж 2021 онд л 1.49 хувьд хүрээд байсан юм.

 Польшийн Ерөнхий сайд М.Моравиески “Бид 2023 оны төсвийн төслөө баталсан” гэж мэдэгдсэн. Энэ нь 2022 онд 58 тэрбум злот байсан батлан хамгаалахын зардлыг 2023 онд 70 хувь өсгөн 97.4 тэрбум злот (20.5 тэрбум ам.доллар)-д анх удаа хүргэсэн байна. Үүнээс 40 тэрбум злотыг нь гадаадын зэвсэг, техник хэрэгсэл худалдан авахад зориулах юм. Эндээс харахад Польшийн батлан хамгаалахын төсөв 2022 онд ДНБ-ний 2.4 хувь байсан бол 2023 онд 3 хувьд хүрэхээр байна.

2022 оны долоодугаар сарын 7-нд Францын Зэвсэгт хүчний сайд C.Лекорну 2023 онд батлан хамгаалах зардлаа 44 тэрбум евро болгож 2022 оноос 3.1 тэрбум евро буюу 7 хувиар өсгөх төлөвлөгөөгөө мэдэгдэж, Франц нь “дайны цагийн эдийн засаг”-т орсон байгаа тул батлан хамгаалахын хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон.

Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд Румын улс 2023 онд батлан хамгаалахын зардал нь ДНБ-нийх нь 2.5 хувьд хүрч 2021 оноос 14 хувиар өсөж 5.8 тэрбум ам.доллар болно гэж мэдэгдсэн.

2022 оны гуравдугаар сарын 10-нд Швед улс батлан хамгаалахын зардлаа ДНБ-ний 1.3 хувиас 2 хувьд хүргэж 2021 онд 6.8 тэрбум ам.доллар байсан бол 2025 он гэхэд 9.5 тэрбум ам.долларт хүргэнэ гэж мэдэгдсэн. Тус улсын ерөнхий сайд М.Андерсон “Европын аюулгүй байдал хүндэрсэн учраас Швед улс батлан хамгаалах чадавхаа дээшлүүлэх ёстой” гэж мэдэгдсэн.

НАТО-гийн ЕНБД-ын 2021 оны тайланд[1] ДНБ-нд эзлэх батлан хамгаалах зардал нь 2 хувиас илүү орнуудад зөвхөн Грек (3.59%), АНУ (3.57%), Польш (2.34%), Их Британи (2.25%), Хорват (2.16%), Эстони (2.16%), Латви (2.16%), Литва (2.03%) орж байна.

Зэвсэг техник хэрэгсэл худалдан авах

 Польш улсын хувьд Орос-Украины дайн эхэлснээс хойш гадаадын зэвсэг, техник хэрэгсэл худалдан авахад тэргүүлэх ач холбогдол өгөх болсон. 2022 оны наймдугаар сард Польш улс 250 ширхэг M1А2 SEPV3 Абрамс байлдааны үндсэн танк, 26 ширхэг M88A2 Хэркулес (Hercules) хуягт тээврийн хэрэгсэл, 17 ширхэг M1110 гүүр байгуулах зориулалттай төрөл мэргэжлийн цэргийн тээврийн хэрэгсэл, 776 ширхэг танканд суурилах автомат пулемётыг 33.000 сум хэрэгслийн хамт АНУ-ын Женерал Дайнамикс Ланд системс (General Dynamics Land Systems)-аас худалдан авахаар 6 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байна.

 Мөн Польш өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын Хьюндэй (Hyundai Rotem), Ханва батлан хамгаалахын компани (Hanwha Defense Company)-тай нийт 5.76 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, 180 ширхэг К2 Хар Ирвэс (Black Panther) байлдааны үндсэн танк, 212 ширхэг К-9 өөрөө явагч артиллерийг эхний ээлжид авахаар болсон. Эхний ээлжийн танк энэ жилийн сүүлээс хангагдаж эхлээд 2025 он гэхэд, артиллерийн хувьд энэ жилийн эцсээс эхлээд 2026 он гэхэд бүрэн нийлүүлэгдэх аж.

Польш Улсын БНСУ-аас эхний ээлжид хүлээн аваад байгаа К2 Хар Ирвэс байлдааны үндсэн танкууд (55 тонн жинтэй, 10.8 м урт, 3.6 метр өргөн, 2.4 метр өндөр, экипаж нь 3 хүнтэй, 1500 морины хүчин чадалтай, 70 км цаг хүртэл хурдлах чадвартай)

Эх сурвалж: (2022.12.13) https://mezha.media/en/2022/10/20/poland-received-the-first-south-korean-tanks-k2-black-panther-and-155-mm-self-propelled-guns-k9-thunder-ordered-only-3-months-ago/ 

Герман улс өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд АНУ-ын Локхийд Мартин (Lockheed Martin)-аас F-35A байлдааны нисэх онгоц худалдан авахаар шийдвэрлэсэн. Долоодугаар сарын 29-нд АНУ нийт 8.4 тэрбум ам.долларын үнэ бүхий гэрээг албан ёсоор баталгаажуулж 35 ширхэг F-35A байлдааны нисэх онгоц, 37 ширхэг F135 хөдөлгүүр, AIM-120C-8 дэвшилтэд дундын зайн агаар-агаар ангиллын пуужин, GBU-53 жижиг диаметрийн бөмбөг, бусад сум галт болон техник хэрэгслийг Германд нийлүүлэхээр болсон.

Швейцар улс гэхэд АНУ-ын Локхийд Мартин (Lockheed Martin)-аас 36 ширхэг F-35A байлдааны нисэх онгоцыг тоног төхөөрөмж, зэвсэглэл, сум хэрэгсэл, хангалт, ажиллагааны төлөвлөгөө, сургалтын дэмжлэгтэй нь цогцоор нь 6 тэрбум франк (6.25 тэрбум ам.доллар)-аар худалдан авахаар гэрээ байгуулсан.

2022 оны долоодугаар сард Францын Зэвсэгт хүчний сайд C.Лекорну “Франц улс зэвсэглэлийн талаар үндсэндээ хоёр чиглэлд чадавхаа бэхжүүлнэ. 1. Гадаад тусламж, экспортоос үүдэн хомсдол бий болсон артиллери, байлдааны нисэх онгоц, бусад зэвсэглэлүүдийг нөхөн бүрдүүлэх; 2. Армийн шинэчлэлд зориулсан Скарпион (Scorpion) хөтөлбөр зэрэг зэвсэглэл, техникийн шинэчлэлийн хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх.

            Цэргийн бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх

            Польш улс 2023 он гэхэд зэвсэгт хүчнээ 20 мянган цэргийн албан хаагчаар нэмэгдүүлэхээр болж байна. 2022 оны гуравдугаар сард баталсан Эх орноо батлан хамгаалах хуульд зааснаар Польшийн цэргийн албан хаагчдын тоо 130-аас 250 мянга хүртэл, дотоодын цэргийн хүчин 30-аас 50 мянга хүртэл тус тус огцом нэмэгдэх юм.

            Францын Ерөнхийлөгч Э.Макрон 1996 онд цуцалсан байсан цэрэгт албан ёсоор татах тогтолцоог сэргээж, 16 нас хүрсэн Франц иргэнийг цэрэгт татдаг байх хуулийн төслийг 2022 оны зургаадугаар сард Үндэсний Ассамблейдаа өргөн барьсан байна. Ингэснээр дотоодын аюулгүй байдлыг бэхжүүлэхийн дээр ард нийтийн эх оронч үзлийг дээшлүүлнэ гэж үзэж байна.

            Германы канцлер О.Шолц хоёрдугаар сарын 27-нд ”Орос-Украины дайн нь Германыг түүхийн эргэлтийн цэгт авчирлаа. Герман улс Европт хамгийн үр дүнтэй, орчин үеийн, дэвшилтэд зэвсэгт хүчнийг бий болгох ёстой” гэж мэдэгдсэн. Хоёр Герман нэгдэх үед Баруун Герман улс 500 мянган хүний бүрэлдэхүүнтэй зэвсэгт хүчинтэй байсан бол өнөөдөр нэгдсэн Герман улс 250 мянган хүнтэй зэвсэгт хүчинтэй байгаа бөгөөд үүний 185 мянга нь цэргийн албан хаагч байна. Европ дахь хямралтай холбоотойгоор Герман улс Европ дахь хамгийн хүчирхэг армийг бий болгох шийдвэрээ нэгэнт гаргаад байна.


[1] https://www.nato.int/cps/en/natohq/opinions_193590.htm

Similar Posts