Гүржийн нийслэл Тбилис хотод “Гадаадын агентуудын тухай хууль”-ийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал сүүлийн хоёр өдөр өрнөж, цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашиглан жагсаалыг хүчээр тараах гэж оролдож байна.
Гүржийн парламентын анхны хэлэлцүүлгээр мягмар гарагт баталсан “Гадаадын агентуудын тухай хууль”-ийг эсэргүүцсэн жагсагчид шөнө дундын үед парламентын байрыг бүслэн, ордны цонхыг хагалах, цагдаа нар руу чулуу, мод, “молотовын коктейль” шидэх зэргээр хүчирхийллийн хэлбэрт шилжиж эхэлсэн тул тусгай хүчнийхэн усан буу, дуут болон гэрэлт гранат, нулимс асгаруулагч хий ашиглан парламентын байр, түүний ойр орчмын гудамж талбайг жагсагчдаас хүч хэрэглэн чөлөөлөөд байна.
Гүрж улсад гадаадын хөрөнгө оруулалттай аливаа байгууллага “гадаадын агент”-ээр албан ёсоор бүртгүүлэх, ямар нэг шалтгаанаар үүнийг биелүүлээгүй хүмүүст их хэмжээний торгууль ногдуулах тухай хуулийн төсөлд тусгагдсан нь эсэргүүцлийн жагсаал гарах шалтгаан болжээ.
Хэрвээ уг хууль батлагдвал Гүрж улс дарангуйлалд орж, тус улсын Европтой ойр харилцаа тогтоох итгэл найдвар тасарна хэмээн жагсагчид үзэж байгаа юм.
Жагсагчдыг тус улсын Ерөнхийлөгч Саломе Зурабишвили дэмжиж байгаа бөгөөд тэрээр уг хуулийн төслийг дэмжсэн депутатуудыг “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн мэдэгдэж, хуулийн төсөлд хориг тавихаа амлаж байна.
Жагсаалын үеэр гуравдугаар сарын 7-нд 66 хүн, өчигдөр 10 хүнийг баривчилсан бөгөөд цагдаагийн ажилтны биед халдсан хэд хэдэн сэжигтнийг эрэн сурвалжилж байна хэмээн Гүржийн Дотоод хэргийн яамнаас мэдээлж байна.
Гүржийн парламентын анхны хэлэлцүүлгээр баталсан хуулийн төсөлд АНУ, НАТО, барууны орнууд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Эстонийн Гадаад хэргийн яам Гүржийн Элчин сайдыг дуудаж уулзсан бол Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейн Гүржийн асуудал хариуцсан илтгэгч Клод Керн, Эдит Эстрелла нар Гүржийн парламентад уг хуулийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасахыг уриалж байна.