Японы Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс боловсруулсан шинэ “Үндэсний Аюулгүй байдлын стратеги”-ийг тус улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан байна. Энэхүү шинэ ҮАБС-ийн дагуу “Үндэсний Батлан хамгаалах стратеги” болон “Батлан хамгаалах бүтээн байгуулалтын хөтөлбөр”-ийг тус тус гаргасан байна.
Дэлхийн II дайнаас хойш өөрийгөө хамгаалах аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг баримталж ирсэн тус улс эрс өөрчлөлтийг хийж, батлан хамгаалахын төсвийг нэмэгдүүлэх, пуужингийн хариу цохилт өгөх болон бусад цэргийн чадавхаа дээшлүүлэхээр шийдвэрлэжээ.
Япон ҮАБС-иа өөрчлөх болсон нөхцөл байдал
Японы ҮАБС нь тус улсын ирэх арван жилийн хугацаанд дипломат, батлан хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдал, технологи, кибер болон тагнуулын талаар баримтлах чиглэлийг тодорхойлсон үндэсний хамгийн дээд түвшний стратегийн баримт бичиг юм. ҮАБС-ийг анх 2013 онд батлан гаргаснаас хойш анх удаа шинэчилж байгаа бөгөөд тус улсын аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, ҮАБ-ын зорилго, зорилтуудын үндсэн зарчим, аюулгүй байдлын орчин, үндэсний аюулгүй байдалд нь учирч буй сорилтууд, авч хэрэгжүүлэх стратегийн зорилтуудыг тодорхойлсон байна.
Харин ҮБХС нь тус улсын батлан хамгаалах ерөнхий бодлого, ирээдүйн чиглэлийг тодорхойлж байгаа бол БХББХ нь батлан хамгаалах төсвийн зарцуулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө юм.
Дэлхийн II дайнаас хойш аюулгүй байдлын стратегийн орчин нь хамгийн тааламжгүй байдалд орсон байна гэж Япон улс үзэж байна. Энэ нь өмнө ч байсаар ирсэн Хятадын өсөн нэмэгдэж буй цэргийн хүчин чадал; улам бүр хурцдаж буй Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюулын асуудалтай холбоотой бөгөөд ҮАБС-д эрс өөрчлөлт оруулсан нэг гол шалтгаан бол ОХУ-аас Украинд халдан довтолсон асуудал гэжээ.
Өмнөх 2013 оны ҮАБС-д “Хятадтай стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан харилцан ашигтай харилцааг сайжруулах” тухай дурдсан байдаг бол шинэ стратегид Хятадыг “Японы хувьд тулгарч буй хамгийн том стратегийн сорилт”, БНАСАУ-ыг “урьд өмнөхөөс илүү ноцтой, бодит аюул”, ОХУ-ыг “аюулгүй байдлын ноцтой анхаарал хандуулах асуудал” хэмээн тус тус тодорхойлжээ.
Японы шинэ ҮАБС-д орсон гол өөрчлөлт
Япон улс 1970 оноос хойш олон жилийн хугацаанд батлан хамгаалахын зардлаа ДНБ-нийхээ 1 хувьд барьж ирсэн бол одоо үе шаттайгаар 2027 он гэхэд 2 хувьд хүргэхээр боллоо. Энэ нь НАТО-гийн орнуудын стандартад хүрч буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл өнөөгийн жилийн 50 орчим тэрбум ам долларын батлан хамгаалахын төсөв нь 100 тэрбум ам доллар болох юм. Ирэх 5 жилийн хугацаанд нийт 315 тэрбум ам долларын зарцуулалтын төлөвлөгөө гарсан байна.
Япон улс зөвхөн өөрийгөө хамгаалах биш гадаад улс дахь сөрөг талын цэргийн бааз болон удирдлагын байрлалд хариу цохилт өгөх чадавхтай байх ёстой гэж үзсэн. Энэ нь дайсагнагч улсын нутагт алсын тусгалтай пуужингийн хариу цохилт өгөх чадавхын асуудал бөгөөд үүнд АНУ-ын 1600 км тусгалтай Томахоок (Tomahawk) худалдан авах болон өөрийн дотоодод үйлдвэрлэж буй Type-12 пуужингийн тусгалыг нэмэгдүүлэх юм. Энэ алхам нь зөвхөн эдгээр пуужингаар хязгаарлагдахгүй цаашид илрүүлэх, замналыг нь мөрдөх, устгах чадавх бүхий цогц үүрэгтэй агаар, пуужингийн нэгдсэн хамгаалалтын системийн нэг элемент байдлаар явах нь тодорхой байна. Японы Ерөнхий сайд Ф.Кишида “Япон улс энхийг сахисан, өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын бодлоготой улс хэвээр байх болно. Гэхдээ БНХАУ болон БНАСАУ-ын зүгээс учруулах аюул бодитой байгаа учраас алсын зайн пуужингийн хариу цохилт өгөх чадвартай байх нь Японы зүгээс тогтоон барих чадавхад нь чухал ач холбогдолтой байх болно” гэжээ.
Хариу цохилт өгөх чадавхаас гадна кибер, сансар, хүнгүй системүүдийг улам бүр хөгжүүлэх, батлан хамгаалах зориулалтын техник технологийн экспортод хяналтыг нэмэгдүүлэх асуудал тусгагдсан. Үүнд идэвхтэй кибер хамгаалалтын бодлогод шилжих, кибер хүчнийг одоогийн 890 хүнээс 2027 оны гэхэд 4000 болгох, БХЯ болон Кибер хамгаалалтын хүчин нийлээд нийт 20 мянган хүнтэй болох зорилт тавьсан байна. Мөн АНУ-тай холбоотны харилцаагаа, бусад улстай аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.
Үүний зэрэгцээ Япон улс нь 2023 онд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдон ажиллахаас гадна Их Долоогийн уулзалтыг эх орондоо зохион байгуулах юм.
Ажиглагчид пуужингийн хариу цохилт өгөх чадавх, түүний тусгалыг нь нэмэгдүүлж байгаа нь Японы өөрийгөө хамгаалах батлан хамгаалах бодлоготой нь зөрчилдөхгүй, харин үүний нэг үргэлжлэл нь гэсэн бол Хятадын түрэмгий байдал улам бүр илэрч, алсын тусгалтай зэвсэглэлийн нөөц энэ бүс нутагт ихээр нэмэгдэж буй энэ үед өөрийгөө алсын зайнаас хамгаалах чадавхтай байх нь хууль ёсны хэрэг гэсэн байна. Шинжээч С.Маслов энэ стратеги нь Японы тогтоон барих, хариу өгөх чадавхыг сайжруулах, АНУ-тай холбоотны харилцаанд Японы үүргийг нэмэгдүүлэх үндсэн хоёр агуулгад чиглэж байна гэж үзэж байна.