Он шилжих мөчид буюу 2023 оны нэгдүгээр сарын 1-ны 00:01 минутад Донецк мужийн Макеевка сууринд байрлаж байсан Орос цэргүүдээс 63 цэрэг Украины пуужингийн цохилтод өртөж амиа алдсан нь дайн эхэлснээс хойш нэг дор тохиосон хамгийн том цэргийн хохирол болж байна.

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргүүдийн хамт шинэ оны мэндчилгээ зурагтаар дэвшүүлж байх үед Украины зэвсэгт хүчин Донецк мужийн Макеевка суурины Оросын цэргийн ангиудын байрлаж байсан 19-р техник-мэргэжлийн сургуулийн барилга руу HIMARS пуужингаар харваж олон тооны Орос цэргүүдийг алж, шархдуулжээ.

Эх сурвалж: https://russian.rt.com/ussr/article/1093446-makeevka-himars-pogibshie

Амь үрэгдсэн цэргүүд ихэвчлэн Саратов болон Самара мужаас дайчилгаагаар ирсэн цэргүүд бөгөөд Оросын Батлан ​​хамгаалах яам 63 цэрэг пуужингийн халдлагад өртөж амь үрэгдсэн гэдгийг одоогоор хүлээн зөвшөөрөөд байна.

Украины талын үзэж байгаагаар  үүнээс хавьгүй олон буюу Оросын дайчилгаагаар ирсэн 400 цэрэг алагдаж, 300 цэрэг шархадсан  хэмээн мэдэгдэж байна.

Донецк мужийн Макеевка сууринд байрлах 19-р техник-мэргэжлийн сургуулийн барилгыг өмнө нь зэвсгийн агуулахын зориулалтаар ашиглаж байсан ба саяхнаас дайчилгаагаар татагдсан цэргүүд байрлаж байх үед ийнхүү пуужингийн цохилтод өртжээ.

Дайчилгаагаар ирсэн цэргүүд шинэ жилийн орой ар гэрийнхэнтэйгээ гар утсаар их хэмжээгээр холбогдсон нь хөдөлгөөнт холбооны нягтрал, байршлыг Украины тал тодорхойлж, цохилт өгсөн нь томоохон сургамж болж байна.

—оОо—

Similar Posts