Дэлхийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй орнуудын дунд цөмийн зэвсэг хэдийгээр стратегийн тогтоон барих үндсэн хэрэгсэл болж байгаа ч түүнийг зөөвөрлөн хүргэх хэрэгслийн давуу байдлыг бий болгох өрсөлдөөн үргэлж оршсоор ирсэн билээ. Сүүлийн арваад жилийн хугацаанд төсөөлөл төдий байсан хэт авианы пуужин бүтээх тухай асуудал судлаачдын төсөөлж байснаас асар хурдан хугацаанд биеллээ олж пуужингийн довтолгооноос хамгаалах одоогийн системийг хүчгүйдүүлж, цэрэг-стратегийн давуу байдлыг бий болгох гол хэрэгсэл боллоо.
Гиперсоник (Hypersonic) нь дууны хурд (1191,6 км/цаг)[1]-наас хэт хурдан Мах (Mach) нэгжээр хэмжигдэх бөгөөд нэг Мах нь 1225 км/цаг байдаг[2]. Гиперсоник пуужин хоёр үндсэн давуу чанартай. Энэ нь Мах 5-аас дээш хурдтай агаарт аялахын зэрэгцээ агаарын эсэргүүцлийг давах аэродинамик чадвартай байдаг. Мах 15 буюу 18375 км цагийн хурдтай хэт авианы пуужин дэлхийн экваторын тойрог (40 000 км)-ийг хоёр цаг гаруйхан хугацаанд туулах боломжтой юм. Гиперсоник пуужингийн хэт өндөр хурд, нислэг дундаа маневр хийх чадвар, нам өндөрт нисэх чадвар зэрэг нь түүнийг илрүүлэх, нисэлтийн замыг нь тооцоолоход бэрхшээлтэй болгож байгаа юм. Энэ нь эсрэг талын агаарын довтолгооноос хамгаалах өнөөгийн системд илрэхгүй, илрүүлээд ч сөрөг хариу үзүүлэх хугацаа олгохгүй байх үндсэн давуу талыг бий болгож байна. Хэт авианы пуужин нь дууны хурднаас хэт хурдтай нисэж яваа зөөвөрлөгч пуужингаас энгийн болон цөмийн цэнэгт хошуутай хэт авианы пуужин харвах боломжтойгоороо бас нэгэн давуу байдлыг бий болгож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2018 оны гуравдугаар сарын 01-нд Холбооны чуулганд илгээсэн илгээлтдээ дэлхийд байхгүй, хамгийн сүүлийн үеийн “Сармат” пуужингийн систем, усан доорх нисгэгчгүй аппарат болон хэт авианы “Кинжал” пуужингийн системийн тухай анх танилцуулахад АНУ, НАТО үнэмшил муутай хүлээн авч байв. ОХУ хамгийн сүүлийн үеийн хэт авианы пуужингийн систем “Циркон”-оор тоноглогдсон “Адмирал Горшков” хөлөг онгоцыг 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр байлдааны жижүүрлэлтэнд гаргасан нь анхаарал татсан үйл явдал боллоо.
Хэт авианы (гиперсоник) пуужин зэвсэглэлд нэвтэрснээр пуужингийн довтолгоо болон түүнээс хамгаалах системийн хооронд асар том орон зай үүсч байна.
[1] https://mn.wikipedia.org/wiki/Дууны_хурд
[2] Ямарваа нэгэн биетийн хурдыг тухайн орчинд дууны долгион тархах хурдад хуваасныг Махын тоо гэдэг. Махын тоо нь 1-с их байхуйц хурдтай хөдөлж буй биетийг дуунаас хурдан биет гэдэг.