Цагдаагийн байгууллагад 2022 оны эхний улиралд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дүн мэдээнд тойм шинжилгээ хийж үзвэл гэмт хэргийн өсөлт, мөн холбогдогчдын хувьд онцгой анхаарал татсан дараах байдал илэрч байна. Үүнд:
- Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо цаашид ихсэх хандлагатай байна. Тухайлбал, 2022 оны эхний улирлын байдлаар нийт хот суурин, орон нутагт гэмт хэрэг ихэссэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 50.0 орчим хувь, үүнээс нийслэлд 9.2 хувь өсөж, орон нутагт 9.2 хувь буурчээ. Энэ нь гэмт хэрэг нийслэлд огцом өссөн байдлын илрэл юм. Сүүлийн 5 жилийн дунджаар авч үзвэл гэмт хэргийн өсөлт 0.8 хувь буюу бага дүнтэй байгаа хэдий ч бууралт ажиглагдаагүй.
- Гэмт хэрэгт эмэгтэй хүн холбогдох нь огцом ихсэж байна. Тодруулбал өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.1 дахин их болсон. Эдүгээ нийт холбогдогчдын 24.4 хувь (өмнөх оны мөн үеэс 10.2 хувь өссөн) нь эмэгтэй хүн байгаагаас 51.6 хувь (өмнөх оны мөн үеэс 34.8 хувь өссөн) нь 18-24 насны ихэвчлэн ажилгүй буюу дахин гэмт хэрэгт холбогдох эрсдэлт байдалд байна.
- Хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь эрс нэмэгдсэн. Хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.6 дахин өссөн. Гэмт хэрэгт нийт холбогдогчдын 5.7 хувь нь хүүхэд байна. Үүний 63.5 хувь нь сурагч (өмнөх оны мөн үеэс 49.4 хувь өссөн), 8.6 хувь нь сургууль завсардсан, тэнэмэл амьдралтай хүүхэд (өмнөх оны мөн үеэс 6.8 хувь буурсан) байгаа нь хүүхэд гэмт хэрэгт өртөж болзошгүй байдал хадгалагдсан хэвээр байгааг харуулж байна.
Зураг 1. Сүүлийн 12 сард бүртгэгдсэн гэмт хэрэг /тухайн сар/

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын алба. Цагдаагийн байгууллагад 2022 оны эхний 03 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээ. УБ., 2022, т.4.