Дэлхийн Худалдааны Байгууллагаас ОХУ-Украины нөхцөл байдлаас хамааран 2022 оны дэлхийн худалдааны өсөлтийн тооцооллоо 4.7-3 хувь болгон буурууллаа. Харин 2023  оны худалдааны өсөлтийн төлөвийг гаргахдаа хүнсний хомсдол үүсэх, халдварын тархалт дахин эрчимжих зэрэг эрсдэлийг харгалзан үзэн 3.4 хувиар өснө гэж тооцоолсон байна. Түүнчлэн дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн  2022 онд 2,8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх оноос 2.9 хувиар буурах аж.

Тус байгууллагын зүгээс Украины нөхцөл байдал хүн төрөлхтөнд ихээхэн  зовлон учруулан, дэлхийн эдийн засгийг эгзэгтэй үед сүйрүүлж байна хэмээн онцолсон байна. Эдийн засгийн хямралын шууд томоохон нөлөө нь түүхий эдийн үнийн огцом өсөлт юм.

ОХУ ба Украйн улс дэлхийн худалдаа, үйлдвэрлэлд багахан хувь эзэмшдэг хэдий ч хоол хүнс, эрчим хүч, бордоо зэрэг зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгч тул өнөөгийн нөхцөл байдал нь эдгээр бүтээгдэхүүний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа байна. Хар тэнгисийн боомтоор үр тарианы тээвэрлэлт аль хэдийн зогссон бөгөөд энэ нь ядуу буурай орнуудын хүнсний аюулгүй байдалд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй.

Хэдийгээр нийлүүлэлтийн гинжин хэлхээний дарамт багасаж байгаа боловч өнөөгийн байдлаар дэлхийн худалдаанд сөргөөр нөлөөлж буй цорын ганц хүчин зүйл нь ОХУ ба Украйн улсын нөхцөл байдал биш бөгөөд  Хятад Улсын COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй хөл хорио худалдааг дахин тасалдуулж байна. Энэ нь үйлдвэрлэлийн орцын дахин хомсдол, инфляцыг өсгөхөд хүргэж болзошгүй юм.

2019 оны нэгдүгээрээс 2023 оны эцсийн улирал хүртэлх улирлын барааны худалдааны үнийн индексийг бүс нутгаар харвал экспорт импортын үйл ажиллагаанд Азийн орнууд тэргүүлсэн хэвээр байна. Харин Европ, Африк, ТУХН-ийн орнуудтай зэрэгцэн импортын тал дээр доогуур үзүүлэлттэй байх төлөвтэй байна.

2022 онд экспортын хэмжээ Хойд Америкт 3.4, Өмнөд Америкт -0.3, Европт 2.9, ТУХН-ийн орнуудад 4.9, Африкт 1.4, Ойрх Дорнодод 11.0, Азид 2.0 хувиар тус тус өснө гэж таамаглаж байна.

Мөн дэлхийн худалдааны 64 хувийг эзэлдэг 94 боомтын мэдээллийг агуулсан  олон улсын чингэлэг дамжуулах чадварын индекс (RWI/ISL)  хоёрдугаар сард 3.6 пунктээр буурч 117.1 болжээ. Хятадын боомтууд гуравдугаар сард хамгийн их бууралттай байсан ч Европын боомтууд мөн мэдэгдэхүйц буурсан байна. Чингэлэг дамжуулах чадварын бууралт нь нийлүүлэлт багасахаас илүүтэйгээр тээврийн үйлчилгээний эрэлт буурч байгааг харуулж байна.

Дэлхийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өсөлт, өөрчлөлтийг илэрхийлдэг худалдан авалтын индекс (PMI ) нь гуравдугаар сард 50-ийн босго хэмжээнээс давсан хэвээр байгаа нь үйлдвэрлэлийн гарц өссөөр байгаа ч хурдац нь буурч магадгүй байгааг харуулж байна.

Эх сурвалж : ДХБ, ЮНКТАД

Similar Posts