Стратеги судалгааны хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Зочны цаг” цуврал ярилцлагын “Элчин сайдын цаг” хөтөлбөрийн зочноор НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра энэ сарын 05-ны өдөр уригдан оролцлоо. Тэрээр Монгол Улсын геополитикийн сорил, эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдал, хүний эрхийн болон бусад асуудлын талаар ярилцлаа. Мөн Тогтвортой хөгжлийн чиглэлээр НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.
НҮБ-аас манай улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг 2023 онд хамтран баталсан. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-тэй нягт уялдаатайгаараа онцлог юм.
Ноён Тапан Мишра “Тогтвортой хамтын ажиллагааны хүрээ”-г хэрэгжүүлэхэд Монгол Улсад суурин болон суурин бус үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ-ын системийн олон байгууллага оролцож, Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хувь нэмрээ оруулахаар хамтран ажиллаж байна. Ялангуяа хүний хөгжил, сайн сайхан байдал; ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт; хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгаагаа онцлон тэмдэглэлээ.
Тэрээр судлаачдын сонирхсон олон улсын өнөөгийн байдал болон энхийг сахиулах үйл ажиллагааны талаар зэрэг олон асуултад хариулт өгснөөр энэ удаагийн уулзалтыг өндөрлөлөө.