Өмнөд Осети ОХУ-д нэгдэх талаар мэдэгдэл гаргалаа
Өмнөд Осетийн Ерөнхийлөгч А.Бибилов өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр мэдэгдэл гаргаж, Өмнөд Осетийн стратегийн зорилт бол ОХУ-тай нэгдэх явдал бөгөөд ойрын үед энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, эрх зүйн хувьд баталгаажуулахаа мэдэгдлээ. Тэрээр “2008 онд Осетийн ард түмнийг хамгаалж, Өмнөд Осетийн бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан ОХУ-ын удирдлага, Оросын ард түмэнд үргэлж талархаж байдгаа илэрхийлээд, ОХУ-тай нэгдэх нь Осетийн ард түмний чин хүсэл эрмэлзэл, орос орон нь Осетийн ард түмний уугуул болон түүхэн эх орон мөн” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
2008 оны наймдугаар сард Абхаз, Өмнөд Осетид өрнөсөн зэвсэгт мөргөлдөөнд нэг талаас Гүрж, нөгөө талаас Орос оролцсон бөгөөд тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Өмнөд Осети, Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт 2008 оны наймдугаар сарын 26-нд гарын үсэг зурсан юм.
2008 оноос хойш Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг Венесуэл, Науру, Никарагуа, Сири зэрэг таван улс хүлээн зөвшөөрсөн ч дэлхийн ихэнх улс орон Өмнөд Осетийг өнөөг хүртэл ОХУ-ын мэдэлд байдаг Гүржийн нутаг дэвсгэр гэж үзсэн хэвээр байна.
Өнөөдөр Өмнөд Осетийн хүн амын дийлэнх нь ОХУ-ын иргэншилтэй бөгөөд удирдлага нь Донеск, Луганскийн тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн билээ.
Өмнөд Осетийн Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбогдуулан ОХУ-ын Холбооны зөвлөл өчигдөр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ “Өмнөд Осетийн ард иргэдийн Оросын нэг хэсэг болох гэсэн олон жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хууль эрх зүйн ямар ч саад тотгор учруулахгүй” хэмээн мэдэгдлээ.