Орос-Украины төлөөлөгчдийн нүүр тулсан хэлэлцээ Истанбул хотын Долмабахче ордон буюу Туркийн Төрийн тэргүүний өргөөнд гуравдугаар сарын 29-ний өдөр эхэлж хоёр өдөр хаалттай үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч талууд зарим нэг тохиролцоонд хүрч мөн өдрөө өндөрлөлөө. Хэлэлцээнд Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах В.Мединский, Украины талаас эрх баригч намын парламентын бүлгийн дарга Давид Арахамиа нар төлөөлөгчдийг тэргүүлж оролцлоо.
Украины тал зургаан асуудлаар тодорхой санал дэвшүүлж, Оросын тал хоёр асуудлаар буулт хийсэн нь цаашид энхийн гэрээ байгуулах найдварыг төрүүлж байна. Тухайлбал, Оросын тал Украин дахь зэвсэгт мөргөлдөөнийг намжаах, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, цаашдын харилцаа холбоо тогтоох, энхийн гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Киев, Черниговын чиглэлд цэргийн үйл ажиллагаагаа багасгах, Украины Европын Холбоонд элсэх хүсэл эрмэлзлэлийг ОХУ-ын зүгээс эсэргүүцэхгүй байх амлалт авлаа. Украины тал байнгын төвийг сахисан улс болох, НАТО зэрэг ямар нэг цэргийн эвсэлд нэгдэхээс татгалзах, Гадаадын цэргийн бааз, цэргийн ангиудыг Украины нутаг дэвсгэрт байрлуулахгүй байх, Аюулгүй байдлын батлан даагч орнууд болон ОХУ-ын зөвшөөрөлгүйгээр цэргийн сургуулилт хийхээс татгалзах, Цөмийн зэвсэггүй бүс орны статустай болох зэрэг байр суурь цаашид баримтлахаа илэрхийлжээ.
Истанбулд болсон хэлэлцээний үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу “…Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагааны эхний үе шат дууссан, одоо гол ажиллагаа бол Донбассыг чөлөөлөх явдал” хэмээн мэдэгдсэн. Харин Украины НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Сергей Кислица Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр “…Оросын цэрэг 2022 оны хоёрдугаар сарын 23-нд буюу тусгай ажиллагаа эхлэхээс өмнө эзэлж байсан байрлалдаа татагдсан тохиолдолд л ОХУ-тай гэрээ байгуулах боломжтой” гэсэн хатуу байр суурь илэрхийлжээ.
Оросын тал цэргийн тусгай ажиллагааны эхний шат дууссан хэмээн мэдэгдсэн ч цаашид улс төрийн эцсийн тохиролцоонд хүртэл цэрэг-стратегийн чухал ач холбогдолтой Украины зүүн болон өмнөд чиглэлд байлдааны ажиллагаа үргэлжлэх төлөвтэй байна.