“Олон улсын аюулгүй байдлын форум (ХОУАБФ)”-ын XIV удаагийн хуралдааныг Канад улсын Нова Скот мужийн Халифакс (Halifax) хотод энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж, дэлхийн 70 гаруй орны 300 орчим Засгийн газар, батлан хамгаалах, гадаад харилцаа, аюулгүй байдлын албан тушаалтан, шинжээч, мэргэжилтэн төлөөлөгчид оролцов.

Хурлаар дэлхийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд, тухайлбал, ОХУ-аас явуулж буй дайны эсрэг Украины тэмцэл, БНХАУ-тай стратегийн өрсөлдөөн, кибер аюулгүй байдал зэрэг 40 орчим асуудлыг гурван өдрийн турш ярилцаж, цаашдын чиглэлээ тодорхойлсон байна.

ХОУАБФ нь АНУ-ын Вашингтон хотод төвтэй, хараат бус, нам бус, ашгийн төлөө бус шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын олон улсын аюулгүй байдлын форум юм. Анх 2009 онд байгуулагдаж, 2011 оноос бие даасан байгууллага болсон. Уг форумыг Петр Ван Пра үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Канадын Нова Скот мужийн Халифакс хотод жил тутам дээд хэмжээний хурал хийдгээс Халифаксын “Олон улсын аюулгүй байдлын Давос”-ын чуулга уулзалт гэж албан бусаар нэрлэгдэх болсон.

Эх сурвалж: https://halifaxtheforum.org/forum

Батлан хамгаалахын сайдуудын түвшний уулзалтын форум байх зорилготой байсан бөгөөд энэ форум нь олон улсын Засгийн газар, цэрэг, батлан хамгаалахын удирдах албан тушаалтан, судлаач, шинжээчдийн дэлхийн аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцдэг форум, сүлжээ болон өргөжсөн. ХОУАБФ нь тухайн жилд дэлхийн хэмжээнд аюулгүй байдалд учирсан аюул, сорилтуудыг авч хэлэлцэн, дараа жил баримтлах бодлого чиглэлийг албан бусаар ярилцаж тодорхойлдог. Жилд нэг удаагийн дээд хэмжээний хурлыг зохион байгуулж, өнөөгийн болон ирээдүйн геополитикийн гол гол асуудлаар төрийн бодлогын болон стратегийн зөвлөмж гаргадаг аж.

Энэ жилийн дээд хэмжээний хурлын анхаарлын төвд ОХУ-ын Украин дахь дайны ажиллагаа, БНХАУ-тай стратегийн өрсөлдөөн, Ираны болон бусад асуудал орсон бөгөөд бүгд хуралдаанаар 8, салбар хуралдаануудаар 32 асуудлыг албан бусаар ярилцсан байна. Энэ удаагийн дээд хуралд Канадын Батлан хамгаалахын сайд хатагтай Анита Ананд, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, АНУ-ын сенатын төлөөлөгчид, Украины шадар сайд, тус улсын Ерөнхийлөгч асан Петро Порошенко, Европын холбооны болон бусад улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын удирдах албан тушаалтнууд оролцжээ.

Хуралдаанаар эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, технологийн өрсөлдөөн, аюулгүй байдал болон ардчиллын ирээдүй зэрэг олон асуудлыг авч ярилцсан ч Украины асуудал гол анхаарлын төвд байсан. Энэ жил Брюссель болон Мадридад болсон НАТО-гийн хоёр удаагийн томоохон уулзалтуудын уур амьсгалын нэг үргэлжлэл энд явагдлаа хэмээн ажиглагчид үзэж байна.

Хурлын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин: “Дөнгөж эхэлж байгаа энэхүү шинэ зууны дэлхийн аюулгүй байдлын чиглэлийг тодорхойлоход Украины дайны үр дүн чухал учраас бид энэ асуудалд идэвхгүй хандаж болохгүй”, Нидерландын Батлан хамгаалахын сайд, Польшийн ЗХЖШ-ын дарга нар Украинд үзүүлж буй дэмжлэг тусламжийг идэвхжүүлэх хэрэгтэй гэж тус тус мэдэгдсэн.

Украины Ерөнхийлөгч асан Петро Порошенко: “Хэлэлцээ хийх асуудалд эсрэг байр сууриа илэрхийлж, хэлэлцээнд В.Путинд итгэж болохгүй, зөвхөн ялалт л манай улсад энх тайвныг авчирна” гэсэн байна. Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Тамгын газрын дарга Андрья Ермак, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Олексий Данилов нар цахимаар хуралдаанд оролцжээ.

Гурав хоног үргэлжилсэн хэлэлцүүлгийн дараа одоо цаашид яах вэ гэдэг асуудал дээр оролцогчид анхаарлаа хандуулах үед Украины төлөөлөгч дайны дараагийн шатанд бэлтгэж байгаа төлөвлөгөөнийхөө талаар дурдсан байна.  Хуралдаан болсон газрын гадна жагсагчид Украин болон Иранд илүү хатуу, идэвхтэй ажиллагаа явуулахыг шаардаж жагссан байна.

Similar Posts