Саяхан Станбулд болсон террорист халдлагад Туркийн тал Курдистаны ажилчны намыг буруутгаж байгаагийн улмаас түүний байрлаж буй Сири, Ирак дахь курдуудын нутаг дэвсгэрт өчигдөр агаарын хүчний цохилт өглөө.
Туркийн армийн энэхүү цэргийн ажиллагаа нь Курдистаны ажилчны нам, Курдистаны нийгэмлэгүүдийн холбоо, Курдын ард түмний өөрийгөө хамгаалах хүчний анги, салбарыг саармагжуулах, саяхан Станбулд болсон террорист халдлагын өшөө авах үндсэн зорилготой байна.
Туркийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Ирак, Сирийн хойд хэсэг дэх курдуудын эзэлсэн бүс нутгуудыг “террористууд Турк руу халдлага үйлдэх үндсэн бааз болгон ашиглаж байгаа тул тэдний штаб, удирдлага, үүр уурхай, агуулах, хонгилыг өндөр цэцтэй агаарын цохилтоор устгаж байна” гэжээ.
Агаарын цэргийн ажиллагааны үеэр Туркийн агаарын хүчний 20 нисгэгчгүй онгоц, 50 нисэх онгоц, түүний дотор F-16 сөнөөгч онгоцоор Сирийн хойд хэсэгт орших Манбиж, Кобани, Тел Рифаат, Сисире, Дерик, Хасака, Иракийн хойд хэсэгт орших Шингал, Кандил, Асос, Хакурк, Эрбиль зэрэг хот сууриныг бөмбөгджээ.
Агаарын ажиллагааны үеэр хууль ёсны төлөвлөгдсөн 89 байг устгасан бөгөөд цэргийн ажиллагаа нь НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлийн дагуу террористуудаас өөрийгөө хамгаалах зорилгоор явагдсан хэмээн Туркийн Батлан хамгаалах яам мэдэгдэж байна.