ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадад албан ёсны айлчлалыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд хийж, “Нэг бүс, нэг зам” чуулга уулзалтад оролцож, Хятадын удирдагч Ши Жиньпинтэй өргөтгөсөн болон хаалттай хэлбэрээр яриа хэлэлцээ хийлээ.
Эх сурвалж https://www.rbc.ru/politics/17/10/2023/652e80f99a79474911179a8c
Айлчлалын эхний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр талын зургаан уулзалт хийсэн бол хоёр дахь өдөр нь “Нэг бүс, нэг зам” олон улсын III чуулганы нээлтэд оролцон үг хэлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй яриа хэлэлцээ өрнүүлж, айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
В.Путиныг дагалдан яваа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Оросын шадар сайд Александр Новак болон Дмитрий Чернышенко, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Максим Орешкин, Төв банкны дарга Эльвира Набиуллина, Росатомын ерөнхий захирал Алексей Лихачев, Новатекийн ТУЗ-ийн дарга Леонид Михельсон, Газпромын тэргүүн Алексей Миллер, Роснефть компанийн тэргүүн Игорь Сечин, Сбербанкын захирал Герман Греф, Гадаад худалдааны банкны захирал Андрей Костин нарын олон салбарын төлөөлөл багтсан байна.
Чуулганы үеэр В.Путин Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тхуонг, Тайландын Ерөнхий сайд Сетта Тависин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Лаосын Ерөнхийлөгч Тхонглун Сисулит, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Пакистаны Ерөнхий сайд Анвар-ул-Хак Какар нартай хоёр талын уулзалт хийлээ.
Хоёр талын уулзалтуудын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятадын Ардын Их Хурлын ордонд хүрэлцэн ирэхэд түүнийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюань нар угтан авч чуулганы албан ёсны нээлтийн ажиллагаа эхэллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Нэг бүс, нэг зам санаачилга нь илүү эрх тэгш олон туйлт ертөнцийг бий болгоход чиглэгдсэн. Дэлхий дээр бүх зүйл сайхан байхад Хятадад бүх зүйл сайхан байна гэсэн үг. Хятадад бүх зүйл сайхан байвал дэлхий улам сайхан болно” хэмээн мэдэгдлээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Орос улс Балтийн болон Арктик дахь Оросын боомтуудыг Персийн булан, Энэтхэгийн далайн эрэг дээрх боомтуудтай босоо шугмаар холбосон Хойд-Өмнөд коридор байгуулах зорилготой байгааг мэдэгдлээ.
Чуулганы нээлтийн дараа гурван цаг гаран үргэлжилсэн хэлэлцээгээр ОХУ, БНХАУ-ын удирдагчид хоёр талын улс төрийн итгэлцэл байнга гүнзгийрч байгааг онцолж, өөрсдийн улс орнуудын стратегийн уялдаа холбоог чухалчилж, цаашид хоёр талын худалдааны хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх нь нэн чухал гэдгийг илэрхийллээ.