ШХАБ-ыг өргөжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах гэсэн тус байгууллагын хөгжлийн чиг хандлага нь цэрэг-улс төрийн ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

Ялангуяа, Самаркандын дээд хэмжээний уулзалт Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн, Тайванийн хоолойн хурцадмал байдлын өнгөн дээр болж байгаа нь түүнийг илүү цэрэг-улс төрийн ач холбогдолтой болгож байна.

Эх сурвалж: https://ria.ru/20220919/shos-1817762488.html#pv=g%3D1817762488%2Fp%3D1817181482

https://ria.ru/20220919/shos-1817762488.html#pv=g%3D1817762488%2Fp%3D1817181482

Дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүн болон түнш орнууд болох  Кыргызстан-Тажикистан, Армен-Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан нь ШХАБ-ыг батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудалд улам анхаарлаа хандуулахад хүргэж байна. Тиймээс дээд хэмжээний уулзалтын гол баримт бичиг болох Самаркандын тунхаглалд ШХАБ-ын орнууд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар дараах тодорхой заалтыг тусгажээ.

Тухайлбал, ШХАБ-ын орнууд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, терроризмын эсрэг хамтарсан команд штабын “Энх тайвны зорилго” цэргийн сургуулилтыг зохион байгуулахын чухлыг онцлон тэмдэглэж байгаа нь цэрэг-улс төрийн ач холбогдлыг нь нэмэгдүүлж байна.

Ташкентэд төвтэй ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийг Орост төвтэй Аюулгүй байдлын сорилт, заналхийлэлтэй тэмцэх олон талын зориулалттай төв болгон өргөжүүлэн тэлэх үйл явцыг гишүүн орнууд дэмжиж байна. Мөн Төв Азийн бүс нутагт түгээмэл байж болох “Гурван муу хор”  буюу терроризм, экстремизм, салан тусгаарлах үзлийг эсэргүүцэхэд цэргийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзлэх төлөвтэй байна.

Аль нэг улсын түлхүү оролцоотой даян дэлхийн агаарын довтолгооноос хамгаалах системийг байгуулахыг буруушааж, энэ нь бусад улсын аюулгүй байдлыг хохироож, өөрсдийн аюулгүй байдлаа хангах гэсэн оролдлого бөгөөд олон улсын аюулгүй байдал, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн ШХАБ-ын гишүүд үзэж байна.   

“Гадны хүчний зүгээс терроризмтэй тэмцэх нэрийдлээр улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгийг ШХАБ-ын орнууд илэрхийлжээ. Улмаар дэлхийн улс орнуудын мэдээллийн технологийн салбарыг цэрэгжүүлэхийг эсэргүүцэж, харин НҮБ-ын ивээл дор мэдээлэл харилцаа холбооны технологийг (МХХТ)-ийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын конвенцыг боловсруулж эхэлснийг сайшаан дэмжжээ.

ШХАБ-ын гишүүд сансар огторгуйг бүх төрлийн зэвсгээс ангид байлгахыг дэмжиж, сансарт зэвсэглэлээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх баталгаа болох олон улсын эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг байгуулах шаардлагатайг  онцолсон байна.

Гишүүн орнууд үндэсний хууль тогтоомж, зөвшилцлийн үндсэн дээр гишүүн орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглосон террорист, салан тусгаарлах, хэт даврагч байгууллагуудын нэгдсэн жагсаалтыг гаргаж, тэдэнтэй тэмцэх нийтлэг зарчим, хандлагыг боловсруулахаа тунхаглалаа.

Мэдээллийн орон зай дахь аюул заналхийллийг эсэргүүцэх, төр улсын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчимд суурилсан аюулгүй, шударга, нээлттэй мэдээллийн орон зайг бүрдүүлэхэд НҮБ-ын голлох үүргийг дурдсан байна.

Мөн гишүүн орнууд Төв Азийг ШХАБ-ын цөм гэж үзэж, Төв Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан бүх улсын аюулгүй байдлын баталгааны тухай Протоколыг ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгохыг зорьж байна.

Бактериологийн болон химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох, тэдгээрийг устгах тухай конвенциуд нь дэлхийн аюулгүй байдлын бүтцийн нэг тулгуур багана болохыг онцолжээ.

Тунхаглалд, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгдэн орсон гишүүн орнууд гэрээний заалтуудыг чанд сахихыг уриалж, цөмийн зэвсгээс ангижрах үйл явцыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Similar Posts