Орос, Европыг холбодог Балтийн тэнгисийн далай доорх “Умард урсгал-2” хийн хоолойн А шугамын нэг хэсэгт шахуургын даралт есдүгээр сарын 26-ны шөнө 300-аас 7 бар хүртлээ огцом унасны дараа “Умард урсгал-1” хий дамжуулах хоолойн хоёр ч хэсэгт хийн алдагдал бүртгэгдсэн байна (зураг дээр: Тэнгисийн гадаргууд хий алдагдаж байгаа байдал).
Эдгээр гурван осол бүгд Дани улсын эдийн засгийн онцгой бүсэд, Борнхолм арлын зүүн хойд хэсэгт болсон бөгөөд хийн алдагдал хэдэн хоногоор ч үргэлжлэх магадлалтай тул ослын газруудын эргэн тойронд далайн тээвэрлэлт хийхийг хориглоод байна.
Жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай “Умард урсгал-1” хийн шахуургын станцуудын хөдөлгүүрт засвар хийх нэрийдлээр Оросын тал хий нийлүүлэлтээ есдүгээр сараас зогсоогоод байсан юм.
Мөн адил хүчин чадалтай “Умард урсгал-2” хийн хоолойг барьж ашиглалтад ороход бэлэн болсон ч Украины дайны улмаас ашиглаагүй хэвээр байна. Гэвч хийн хоолойнууд дүүрэн ачаалалтай байсан нь их хэмжээний хий алдагдах, байгаль орчин, далай тэнгисийг бохирдуулах, хоолойг сэргээн засварлахад олон сар жил шаардагдах нөхцөл байдалд хүргээд байна.
Ослын үр дагавар нь Европыг эрчим хүчний хомсдол, үнийн өсөлт, өвлийг даван туулах хүндрэл бэрхшээлд хүргэж магадгүй бол бол Оросын эдийн засаг, экспортын бууралтад нөлөөлөх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар Оросын хийн Европ руу нийлүүлэлт нь зөвхөн “Туркийн урсгал” хийн хоолойгоор болон Украины хийн тээврийн системээр дамжин өнгөрч байна. “Туркийн урсгал” хэвийн ажиллаж байгаа ч бүх Европыг байгалийн хийгээр хангах боломжгүй ба Украины хийн хоолойн дөнгөж 40 хувь нь л ажиллаж, цаашдаа бас зогсох магадлалтай байна.