ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн 355 тоот зарлигаар баталсан “ОХУ-ын цөмийн тогтоон барих чиглэлээрх төрийн бодлогын үндэс” баримт бичиг (цаашид номлол гэх) нь ОХУ-ын цөмийн зэвсгийн номлолыг агуулж байна.

Тус номлол нь гурван бүлэг, 25 зүйлээс бүрддэг бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон.[1]

ОХУ-ын цөмийн зэвсгийн номлолын ерөнхий агуулга

ОХУ-ын цөмийн зэвсгийн номлол нь цөмийн тогтоон барих мөн чанарын талаарх албан ёсны үзэл баримтлалыг тусгасан, цөмийн тогтоон барих зарчмууд, цэргийн аюул, заналхийлэл, цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлийг тодорхойлсон батлан хамгаалах салбарын стратеги төлөвлөлтийн үндсэн баримт бичиг юм.

Номлолд ОХУ, түүний холбоотнуудын эсрэг болзошгүй дайсны түрэмгийллийг цэргийн хүчээр,  түүний дотор  цөмийн зэвсгийн хүчээр баталгаатай таслан зогсоож, аюулгүй байдлыг хангах нь төрийн тэргүүлэх үүрэг зорилтуудын нэг хэмээн тодорхойлжээ.

Цэрэг-улс төрийн болон стратегийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс хамааран ОХУ-д учрах цэргийн аюул, заналхийллийг саармагжуулах зорилгоор цөмийн тогтоон барих ажиллагааг дараах нөхцөлд явуулна. Үүнд:

а) болзошгүй дайснаас ОХУ болон түүний холбоотнуудын зэргэлдээх нутаг дэвсгэр болон тэнгисийн бүсэд цөмийн зэвсгийн зөөгч хэрэгслийг багтаасан цэргийн бүлэглэлийг байрлуулах;

б) ОХУ-ыг болзошгүй дайснаа гэж үзэн, түүний эсрэг пуужингийн довтолгооноос хамгаалах систем, дунд ба ойрын тусгалын далавчит болон баллистик пуужин, өндөр нарийвчлалтай ердийн болон хэт авианы зэвсэглэл, цэргийн агаарын тээврийн хэрэгсэл байрлуулан чиглүүлэх;

в) сансарт пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон цохилтын  системийг бий болгож байрлуулах;

г) ОХУ болон түүний холбоотнуудын эсрэг ашиглаж болзошгүй цөмийн зэвсэг болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсэг, тэдгээрийн зэвсгийн зөөгч хэрэгсэлтэй байх;

д) цөмийн зэвсэг, түүний зөөгч хэрэгсэл, үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмжийг хяналтгүй тархаах;

е) цөмийн зэвсэггүй улсуудын нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг, түүний зөөгч хэрэгслийг байрлуулах зэрэг багтана.

Ерөнхийдөө, ОХУ-ыг болзошгүй дайснаа гэж үзэж, цөмийн зэвсэг болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг эзэмшиж байгаа, эсхүл цөмийн зэвсэггүй ч ерөнхий цэргийн томоохон байлдааны хүчин чадалтай аливаа улс, цэргийн эвслийн эсрэг цөмийн тогтоон  барих ажиллагааг явуулна.

ОХУ цөмийн тогтоон барих ажиллагаандаа мөн болзошгүй дайсны бусад улсын нутаг дэвсгэрт байрлуулсан, цөмийн болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсэг, довтолгооны хэрэгсэл, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслэлийг хамруулна.

ОХУ-ын цөмийн тогтоон барих хүч нь агаар, газар, далай тэнгист байрлана.

ОХУ цөмийн зэвсэг хэрэглэх  нөхцөл

ОХУ, түүний холбоотнуудын эсрэг цөмийн зэвсэг болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсний хариуд болон тус улсын эсрэг ердийн зэвсгээр түрэмгийлэл үйлдсэн, түүнчлэн Оросын төр улсын оршин тогтнох байдал аюулд хүрсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн шийдвэрээр цөмийн зэвсэг хэрэглэх үндсэн номлолтой.

ОХУ цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөл нь:

а) ОХУ болон түүний холбоотнуудын нутаг дэвсгэрт цохилт өгөхөөр баллистик пуужин харвасан тухай найдвартай мэдээлэл хүлээн авах;

б) ОХУ болон түүний холбоотнуудын нутаг дэвсгэрт дайсан цөмийн зэвсэг эсвэл бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг ашиглах;

в) ОХУ-ын төрийн болон цэргийн онц чухал байгууламжуудад учруулах дайсны нөлөөлөл нь цөмийн хүчний хариу үйлдлийг тасалдуулахад чиглэсэн байх;

г) Ердийн зэвсэг ашиглан ОХУ-ын эсрэг явуулж байгаа түрэмгийлэл нь Оросын төр, улсын цаашдын оршин тогтнолд аюул заналхийлэл учруулж эхлэх тохиолдолд тус тус цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөл байдалд шилжинэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзвэл бусад улс болон олон улсын байгууллага, эвслийн цэрэг-улс төрийн удирдлагад ОХУ цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байгаа, эсхүл цөмийн зэвсэг хэрэглэх тухай шийдвэрийн талаар урьдчилан анхааруулж мэдэгдэж байх ажээ.

Цөмийн зэвсгийн номлолын ерөнхий удирдлагыг ОХУ-ын Ерөнхийлөгч хэрэгжүүлэх бөгөөд Аюулгүйн зөвлөл нь цөмийн номлолын үндсэн чиглэлийг тодорхойлж, Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд оролцдог холбооны гүйцэтгэх байгууллага хоорондын харилцан ажиллагааг зохицуулах үүрэгтэй.

ОХУ-ын Батлан хамгаалах яам нь Зэвсэгт хүчний жанжин штабаар дамжуулан цөмийн номлолын зохион байгуулалтын болон цэргийн шинж чанартай арга хэмжээг шууд төлөвлөж хэрэгжүүлэх үүрэгтэй байна.


[1] http://kremlin.ru/acts/bank/45562 (2020.06.02) ОХУ-ын Ерөнхийлөгчийн 355 тоот зарлиг

Similar Posts