Дэлхийн Банк, Эдийн Засгийн Хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг шинэчлэн боловсруулж, эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна гэж үзжээ.
Дэлхийн банкны судлаачдын зургаадугаар сарын 6-ны өдөр танилцуулсан таамаглалд дэлхийн эдийн засгийн өсөлтийг оны эхэнд гаргаж байсан таамаглалаас бууруулж 2.9 хувийн өсөлтөд хүрнэ гэж үзсэн. Өнгөрсөн 2021 онд Дэлхийн эдийн засгийн өсөлт 5.6-5.8 хувьд хүрсэн билээ.
ЭЗХАБ-ын судлаачдын таамаглалд мөн л дэлхийн эдийн засгийн өсөлт саарч 3 хувьтай гарна гэсэн төсөөллийг зургаадугаар сарын 8-ны өдөр танилцууллаа. Үүний дотор ЭЗХАБ-ын гишүүн өндөр хөгжилтэй орнуудын өсөлт 2.7 хувьд хүрэх, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд 3.3 хувьд хүрнэ гэж таамагласан байна.
Зарим томоохон эдийн засагтай улсын хувьд эдийн засгийн өсөлтийн таамаглалыг авч үзвэл, АНУ 2.5, Герман 1.9, Их Британи 3.6, Япон 1.7, Хятад 4.4 , Энэтхэг 6.9, Бразил 0.6, Турк улс 3.7 хувиар тус тус өснө гэж үзсэн бол дайн болон эдийн засгийн хоригийн улмаас ОХУ-ын эдийн засаг энэ онд -10.0 хувиар буурна гэж үзэж байна.
Эрчим хүч, түүхий эд, хүнсний үнийн огцом өсөлтийн улмаас дэлхийн олон улс орнуудад бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, инфляц нэмэгдсээр байна. ЭЗХАБ-ын гаргасан таамаглалаас үзвэл энэ онд хамгийн өндөр инфляцтай байх улс оронд Турк, Аргентин, Литвыг нэрлэжээ. Тухайлбал, Турк улсад инфляцын түвшин 72, Аргентин улсын инфляц 60.1 хувьд тус тус хүрнэ гэж таамаглаж байна.
Энэ оны эхнээс Турк улсад инфляц нэн хурдтай өсөн нэмэгдэж, тус улсын эрх баригчид, Төв банкны зүгээс олон талын арга хэмжээ авч байгаа хэдий ч инфляцыг сааруулж чадаагүй, өссөн хэвээр байна.
Эх сурвалж:
1. Дэлхийн Эдийн Засгийн тойм, 2022 оны 6 дугаар сар, Эдийн засгийн Хамтын ажиллагааны байгууллага.
OECD Economic Outlook, June 2022.
2. Дэлхийн Эдийн засгийн төлөв байдлын тайлан, 2022 оны 6 дугаар сар, Дэлхийн банк.
“Stagflation Risk Rises Amid Sharp Slowdown in Growth”