- АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден ОХУ-ын “Цэргийн тусгай ажиллагаа” явуулахын өмнөх цагийн байдлын талаарх тагнуулын зарим мэдээллийг ил болгох шийдвэр гаргасан талаар тус улсын Үндэсний тагнуулын агентлагийн захирал Эврил Хейнс даваа гарагт мэдэгдсэн байна. Тагнуулын мэдээллийг нууцлалтаас гаргаснаар тухайн үед эргэлзэж байсан улс төрчид болон холбоотнуудтайгаа цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар яриа өрнүүлэхэд эергээр нөлөөлөхөөс гадна түншүүдтэйгээ “мэдээлэл солилцох” механизмыг хөгжүүлэхэд нааштайгаар нөлөөлнө гэж үзсэн байна.
- Украины Северодонецк хотод ширүүн тулалдаан өрнөсөн хэвээр, нөхцөл байдал цаг тутам өөрчлөгдөж байна. Хэдийгээр Оросууд илт давуу хүчтэй байгаа ч Украинчуудад хотыг хяналтдаа эргүүлэн авах хүч хэрэгсэл хангалттай байгаа талаар тус хотын цэргийн захиргааны дарга Олександр Стриук мэдэгджээ. Дашрамд дурдахад Северодонецк хот хуучин ЗХУ-ын үеэс улбаатай химийн аж үйлдвэрийн томоохон төв байжээ.
- Украины Тэнгисийн цэргийн флотын командлалын мэдээлснээр пуужингийн цохилт, нисгэгчгүй нисэх аппаратын дайралтын улмаас Оросын байлдааны хөлөг онгоцнууд Хар тэнгисийн эргээс 100 км гаруй ухарсан байна. Оросын тэнгисийн цэргийн хүчний 30 орчим хөлөг онгоц болон шумбагч завь Хар тэнгисийн тээврийг хянаж байгаа ажээ.
- Оросын талын агаарын болон пуужингийн довтолгоо эрчимжиж, өнгөрсөн ням гарагт Киев хотод пуужингийн цохилт хийсэн нь Барууны орнуудын цэргийн зэвсэглэл, техникийн тусламжийг тасалдуулах зорилготой байж болзошгүй талаар Их Британий Батлан хамгаалах яамны тагнуулын мэдээнд дурдсан байна.