Дэлхийн банкны эдийн засагчид, шинжээчид Зүүн Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн өнөөгийн төлөв байдлын тоймыг боловсруулан гаргалаа.
Бүс нутгийн хувьд ерөнхийдөө өсөлт 2021 онд 7.2 хувь байсан бол энэ онд 3.2 хувь болж саарах, ирэх онд 4.6 хувьд хүрч эргэн сэргэх төлөвтэй байна гэж тус тайланд дурджээ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2022 онд 2.5 хувиас 2.4 хувь болгож бууруулж, 2023 онд 5.5 хувь байна гэж тооцоолж байна. (Хүснэгт 1)
Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай холбоотой хөл хорио цуцлагдаж, эдийн засаг эргэн нээлттэй болж, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа сэргэн, зээлийн өсөлт нэмэгдсэн зэрэг нь хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлтийн гол дэмжлэг болж байна. Хувийн болон төрийн салбар дахь хөрөнгө оруулалтууд, өрхийн хэрэглээ өсөж дотоод эрэлтийг дэмжих төлөвтэй байна. Гэсэн хэдий ч хилийн боомтын саатал, дэлхийн эдийн засгийн өсөлт сулрах төлөв, импортын хүнс, шатахуун, бордооны үнийн өсөлт зэргээс шалтгаалан энэ онд Монгол Улсын эдийн засаг 2.4 хувиар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн банкны шинжээчид үзжээ. Оюу Толгойн гүний уурхай ашиглалтад орохтой холбоотойгоор 2023-2024 онд эдийн засгийн өсөлт эрчимжиж дунджаар 6 хувьд хүрнэ гэж Дэлхийн банкны судлаачид таамаглажээ.
Эдийн засгийн төлөв цаашид хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсээс мөн хамаарахаар байна. Тухайлбал, Украины дайн сунжрах, БНХАУ КОВИД-19-ийг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлэх, өндөр хөгжилтэй орнуудын мөнгөний бодлогын төлөв хүлээлтээс илүү эрчтэй чангарах зэргээс үүдэн Монголын эдийн засагт төлбөрийн тэнцэл муудах, төсвийн алдагдал нэмэгдэн бодлогын орон зай улам хумигдах, инфляцын дарамт эрчимжих зэрэг эрсдэлийг дурдаж болно.
Монгол Улс дотооддоо макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах шаардлага нэмэгдэж байгааг Дэлхийн банк онцолж байна. Тухайлбал, Төсвийн арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлснээр дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрсдэл хуримтлагдаж байгаа энэ үед төсвийн тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ бодлогын орон зайг бий болгоход чухал ач холбогдолтойг дурдсан байна.
Эх сурвалж: https://openknowledge.worldbank.org/bitstream/handle/10986/38053/FullReport.pdf