
Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн аюулгүй байдлын судалгааны төвөөс “Монгол Улсын макро эдийн засгийн тойм, 2022 оны эдийн засгийн төлөв”-ийн тухай уулзалтыг 11 дүгээр сарын 18-ны өдөр ССХ-ийн хурлын танхимд зохион байгууллаа. Уулзалтаар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн тухай, төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулах, олон улсын туршлагууд болон Covid-19 цар тахлын улмаас эдийн засагт тулгараад буй гадаад худалдаа, хилийн боомтын хүндрэлтэй асуудлын талаар тэргүүлэх эдийн засагчид болон судлаачид санал солилцов.

Уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, ирэх оны төлөв, цаашид анхаарах асуудлуудын талаар ССХ-ийн Эдийн засгийн аюулгүй байдлын судалгааны төвийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Уулзалтын үеэр эдийн засагч Р.Амаржаргал: “Төсвийн зарцуулалтын талаар их хэмжээний судалгаа, санал боловсруулагддаг боловч хэрэгжилт муу байна. Монгол Улс цаашид хөгжлийн стратегийн харьцангуй давуу тал буюу хүний давуу талыг анхааран хэрэгжүүлэх, хүний оюун ухаан талаас нь сайн судлах шаардлагатай” гэсэн юм.
УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу: Төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй уул уурхайн түүхий эдийг илүү нэмүү өртөг шингээн боловсруулан экспортлох шаардлагатай байна. Түүнчлэн зэс дээр суурилсан эцсийн бүтээгдэхүүний шинжлэх ухаан технологийн хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, Монгол улсын хувьд хүний оюун ухаан хөгжүүлэхэд түлхүү анхаарах нь чухал байна.
Эдийн засагч Х.Цэвэлмаа эдийн засгийн стратегийг өргөн хүрээгээр авч үзэн сэтгэлгээний өөрчлөлт хийх нь зүйтэй хэмээн саналаа илэрхийлсэн. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь: Монгол Улсын төсвийн санхүүжилттэй төслүүд зөвхөн хэрэглээний болон хэрэгжиж ирээдүйд хөрөнгө оруулах томоохон хэмжээний төсөл болон өргөжиж чадахгүй байна. Ирээдүйн өв сан нь эдийн засгийг төрөлжүүлэх нэг боломж болж болох юм хэмээн дурдлаа.