ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөлөөс Казахстанд өрнөсөн үйл явцыг террорист халдлага, гаднын түрэмгийлэл гэж үзээд Энхийг сахиулах хүчний анги салбарыг Казахстанд оруулах шийдвэрийг гаргаж цэргийн ажиллагаагаа нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхлүүлсэн билээ.
Уг шийдвэрийн дагуу ОХУ-ын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний командлагч, хурандаа генерал Андрей Сердюковоор удирдуулсан 3000 орчим энхийг сахиулагчдыг Москва, Псков, Ульяновск, Иваново хотоос цэргийн тээврийн 75 тооны ИЛ-76, АН-124 онгоцоор 24 цагийн турш тасралтгүй тээвэрлэж, Алматы хотын олон улсын нисэх онгоцны буудал болон тус хотын ойролцоо нисэх хүчний нөөц аэродром дээр буулгаад байна.
Тус хамтарсан хүчний цэргүүд сансрын хөлгийн “Байконур”, “Алма-Ата” нисэх онгоцны буудал болон тус улсын онц чухал объектуудыг хяналтдаа авч Казахстаны хууль сахиулах байгууллагуудад дэмжлэг үзүүлж байна. Хамтарсан хүчний цэргүүд зэвсэг хэрэглэх эрхтэй бөгөөд жагсагчидтай шууд мөргөлдөөнд орохоос зайлсхийж байна.
ХАБГБ-ын Энхийг сахиулагчдын хүчинд Оросын Агаарын десантын 45-р тусгай бригад, Агаарын десантын 98-р анги, Агаарын десантын 31-р бригадын анги орж байгаагаас гадна Беларусын 500, Тажикстаны 200, Кыргызстаны 150, Армены 70 тооны тусгай хүчний десантын цэргүүд багтаж байгаа аж.