АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Филиппин улсад энэ сарын 2-ны өдөр ажиллаж, Ерөнхийлөгчид бараалхан, Батлан хамгаалахын сайдтай хэлэлцээ хийж, үр дүнтэй тохиролцоонд хүрлээ. Хоёр улсын хооронд 2014 онд байгуулсан “Батлан хамгаалах хамтын ажиллагааны нэмэлт хэлэлцээр”-ийг өргөтгөн, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Филиппинд одоо байрлаж буй 5 байрлалыг дөрвөөр нэмэгдүүлж, АНУ-ын цэрэг, зэвсэг байрлуулах эрх нээх асуудлыг шийдвэрлэв. Мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрис өнгөрсөн 11 дүгээр сард тус улсад айлчилж, Батлан хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж байсан юм.

Эх сурвалж: Филиппин цэргийн баазууддаа нэвтрэх өргөн хэмжээний эрхийг АНУ-д нээв. (2023.02.09)

АНУ эхний ээлжид 82 сая ам.доллароор тэдгээрт шинэчлэл хийнэ. Улмаар ондоо багтаан хоёр тал хамтран 17 мянган хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хамтарсан сургуулийг энэ бүс нутагт хийхээр болоод байна.

Хэлэлцээрийн дагуу тохиролцсон АНУ-ын цэргийн хүч байрлах байрлалууд (хар дөрвөлжнөөр одоо ашиглагдаж байгаа, улаанаар шинээр байгуулах санал) (2023.02.09) Эх сурвалж: Филиппин яагаад АНУ-ыг дахин цэргийн хүчээ газар нутагт нь өргөжүүлэх боломж олгов. https://time.com/6252750/philippines-us-military-agreement-china/

АНУ-ын БХЯ-наас мэдэгдэхдээ “Филиппинд илүү олон байрлалд Америкийн цэрэгт эрх нээгдэж байгаа нь хоёр улсын холбоотны харилцаа, чадавхыг сайжруулах, зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, гаднын халдлагын эсрэг хамтарсан ажиллагааг хүчирхэгжүүлэх ач холбогдолтой. Энэ нь дээрх цэргийн байрлалуудад байнгын цэргийн бааз нээнэ гэсэн үг биш, харин ээлжид суурилсан цэргийн үйл ажиллагаа явуулна” гэжээ. Филиппиний талаас нэмж эрх олгож буй цэргийн байрлалуудыг нэрлэхээс татгалзсан бөгөөд орон нутгийн удирдлагатай тохиролцож жич шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Одоогоор АНУ-ын 500 орчим цэргийн албан хаагч Филиппин улсад байрлаж байна.  

Энэ удаагийн тохиролцоо нь АНУ Энэтхэг-Номхон далайн стратегиа хэрэгжүүлэх хүрээнд хийж буй алхам бол Филиппин улсын хувьд аюулгүй байдлаа хангах, Хятадын нөлөө, дарамтыг тэнцвэржүүлэх улс төрийн шийдэл болж байна. Харин БНХАУ-ын зүгээс уг асуудалд дургүйцлээ хүчтэй илэрхийлээд байна.

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар АНУ-ын цэргийн хүчинд Филиппинд эрх нээгдэж байгаа нь дөрвөн үндсэн стратегийн мессежийг илгээж байна. Үүнд: 1. Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын нөлөөг өргөтгөсөн; 2. БНХАУ-д анхааруулга өгсөн; 3. АНУ, Филиппин урт хугацааны цэргийн хамтын ажиллагааны түүхтэйг харуулсан; 4. Тухайн улсын ард иргэдийн их гүрний талаарх эерэг, сөрөг үзэл бодол цэргийн хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөлсөн.[1]

 БНХАУ-ын Гадаад хэргийн яам уг үйл явдлын дараа АНУ-ыг хүйтэн дайны үеийн сэтгэлгээгээр бүс нутагт цэргийн хүчийг нэмэгдүүлж, эх тайван, тогтвортой байдалд аюул учрууллаа хэмээн буруушааж, бүс нутгийн орнуудыг ийм ятгалгад автахгүй байхад анхааралтай байх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.


[1]https://theconversation.com/the-us-and-the-philippines-military-agreement-sends-a-warning-to-china-4-key-things-to-know-199159

Similar Posts