Умард Солонгосын таван нисгэгчгүй нисэх онгоц Өмнөд Солонгосын агаарын хилээр нэвтэрсэн тухай өчигдөр буюуэнэ сарын 26-ны өглөө Сөүлээс мэдээлж байна.
Сөүлийн цагаар өглөөний 10 цаг 25 минутад Өмнөд Солонгосын агаарын орон зайд илэрсэн БНАСАУ-ын тэдгээр нисгэгчгүй онгоц руу 20 мм-ийн калибрын 100 орчим сум харвасан боловч устгаж чадаагүй байна.
Улмаар нисэгчгүй нисэх онгоцуудыг устгахаар Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах хүчин довтолгооны нисдэг тэрэг, сөнөөгч онгоцуудыг хөөргөсөн боловч Умардын нисгэгчгүй онгоцууд руу дайрах үеэрээ Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний КА-1 довтолгооны хөнгөн нисэх онгоц сүйрсэн байна. Харин тус онгоцны хоёр нисгэгч шүхрээр эсэн мэнд газардаж, эмнэлэгт хүргэгджээ.
Умардын таван нисгэгчгүй онгоцоос нэг нь Умард Солонгост буцаж ирсэн бол үлдсэн дөрөв нь устгагдсан бөгөөд БНСУ-ын арми устгагдсан нисгэгчгүй онгоцнуудын электроникийг судалж байна.
БНАСАУ-ын нисгэгчгүй онгоцууд нислэгийн зам, өндрөө өөрчилж, маш нам доогуур, энгийн иргэд олноор суурьшсан хот суурин, түүний дотор Сөүл хотын хойд захаар радарт баригдалгүй нисэж байсан нь устгахад нэлээд хүндрэл бэрхшээл учруулсан гэж БНСУ-ын армийнхан мэдэгдэж байна.