2007 онд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын гишүүн орнуудын тэргүүн нар Энхийг сахиулах ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, 2009 онд НҮБ уг хэлэлцээрийг бүртгэж баталгаажуулсан нь тус байгууллагын  гишүүн орнуудад энхийг сахиулагчдыг оруулах олон улсын эрхзүйн үндэслэл болж байна.

Уг хэлэлцээрээр, гишүүн орнуудын нутаг дэвсгэрт Энхийг сахиулах ажиллагааны хүчнийг Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн Мандатаар, харин тус  байгууллагын хариуцлагын гаднах бүсэд НҮБ-ын Мандатаар цэрэг оруулж  болохыг  тусгасан байдаг.

ХАБГБ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай төдийгүй Энхийг сахиулах хамтын ажиллагааны чиглэлээр 2012 оны есдүгээр сард НҮБ-тай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь өнөөдөр Казахстан улсад явуулж буй Энхийг сахиулах ажиллагааны олон улсын эрх зүйн чадамжийг  нотолж байна.  

НҮБ болон ХАБГБ нь 2012 оны дөрөвдүгээр сарын 26-нд гаргасан Хамтын ажиллагааны тухай хамтарсан тунхаглалдаа, НҮБ-ын дүрмийн дагуу олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, шинээр гарч ирж буй сорилт, аюул заналыг зайлуулах, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, терроризмтой тэмцэхэд ХАБГБ-ын Энхийг сахиулах чадавхийг бэхжүүлэх, улмаар НҮБ-ын механизмын хүрээнд шаардлагатай бол шуурхай хамтын ажиллагааг харилцан дэмжихээ илэрхийлсэн нь Казахстанд цэрэг оруулсан явдлыг олон улсын эрх зүйн үндэслэлтэй болгож байна.

Мөн  2020 оны есдүгээр сарын 15-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хамтарсан мэдэгдэл гаргаж, энхийг сахиулах болон терроризм, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх талаар хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэхээ илэрхийлж, хоёр талын харилцаа тогтвортой, ахиц дэвшилтэй, эерэг хандлагаар хөгжиж байгааг тэмдэглэсэн нь ХАБГБ нь НҮБ-ын найдвартай түнш болохыг харуулж байна.

ХАБГБ  нь НҮБ-ын дүрэм, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр, олон улсын эрх зүйд тулгуурлан ХАБГБ-ын Энхийг сахиулах ажиллагааны гэрээ хэлэлцээрийг дараах байдлаар томьёолсон байдаг. Үүнд:

  • ХАБГБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаа нь НҮБ-ын дүрмийн дагуу маргааныг энх тайвны арга хэрэгсэл, үйл ажиллагаагаар шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны цогц арга хэмжээ мөн болохыг;
  • Гишүүн улс орнуудын цэрэг, цагдаа болон энгийн албан хаагчдыг ашиглан улс хоорондын болон улсын доторх дайсагналыг зогсоох, таслан зогсоох, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой болохыг;
  • Энхийг сахиулах ажиллагаа явуулах бүрэн эрх буюу Мандат нь ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, харин гишүүн орнуудын нутаг дэвсгэрээс гадна энхийг сахиулах ажиллагаа явуулах тохиолдолд НҮБ-ын шийдвэр Мандат байх;
  • Гишүүн улсын нутаг дэвсгэрт энхийг сахиулах ажиллагаа явуулах шийдвэрээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд нэн даруй мэдэгдэх;
  • Энэхүү гэрээг НҮБ-ын дүрмийн 102 дугаар зүйлд заасны дагуу НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлэх зэрэг заалтууд тусгагдсан байдаг.

Дээрх гэрээний дагуу ХАБГБ нь Казахстан улсад Энхийг сахиулах хамтарсан хүчнийг тус улсын нутаг дэвсгэрт оруулах болсон шийдвэрээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд нэн даруй мэдэгдэж, улмаар ХАБГБ-ын энэхүү шийдвэрийг хүлээн авснаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришын бие төлөөлөгч Стефан Дюжаррик хэвлэлийн бага хурлаар албан ёсоор илэрхийлсэн нь уг ажиллагаа нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн чадамжтай болохыг харуулж байна.

ХАБГБ-ын Энхийг сахиулах байнгын ажиллагаатай хүчнийг гишүүн орнууд гэрээ хэлэлцээр ёсоор тус тусын нутаг дэвсгэр дээрээ байгуулсан бөгөөд  Казахстан улсад явуулж буй энэхүү Энхийг сахиулах ажиллагаа нь олон улсын эрх зүйн болон цэргийн ажиллагааны хувьд хамгийн анхных болж байгаагаараа онцлог юм.  ХАБГБ-ын хүчнийг Казахстанд оруулах нь хууль ёсны эсэхэд эргэлзэж байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен илэрхийлсэн ч  нэгдүгээр сарын 7-нд Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди түүнтэй утсаар ярьж тус улсад дахь энхийг сахиулах ажиллагааны эрх зүйн үндэслэлийг тайлбарласнаар цаашид уг асуудал эрх зүйн хувьд ямар нэг маргаан дагуулахгүй  бололтой.


Эх сурвалж:

Similar Posts