АНУ-ын зэвсэгт хүчин хоёрдугаар сар гарсаар нийтдээ дөрвөн үл мэдэгдэх нисдэг биетийг пуужингаар харван устгаад байна. Америкийн агаарын орон зайд илэрсэн эдгээр үл мэдэгдэх нисдэг биетүүдийн улмаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Бээжинд хийх айлчлалыг Цагаан ордон хойшлуулаад байна.
Хятадаас тагнуулын зориулалттайгаар хөөргөсөн байж болзошгүй агаарын бөмбөлгийг АНУ-ын зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 4-нд Өмнөд Каролинагийн эргийн ойролцоо буудан унагасан бөгөөд Хятад улс түүнийг цаг агаарын бөмбөлөг байсан хэмээн мэдэгдэж байна.
Ямар ч хөдөлгүүр, удирдлагын системгүй “жижиг машины хэмжээтэй” бас нэг үл мэдэгдэх биет Аляск мужийн хойд хэсгийн агаарын орон зайд энэ сарын 10-нд нисэж байсныг Ерөнхийлөгч Ж.Байдены тушаалаар харван унагалаа.
Мөн үүнээс нэг хоногийн дараа АНУ-ын хилээс 100 милийн зайд орших Юкон арлын дээгүүр Канадын агаарын орон зайд нисэж явсан гуравдах үл мэдэгдэх нисдэг биетийг АНУ-ын F-22 сөнөөгч онгоцоор устгасан байна. Энэхүү биет нь жижиг цилиндр хэлбэртэй байжээ.
Канад-Америкийн хилийн ойролцоо, Гурон нуурын дээгүүр 12 км-ийн өндөрт нисэж явсан дөрөв дэх биетийг илрүүлэн, иргэний нислэг хийх агаарын орон зайг түр хаасны дараагаар АНУ-ын Агаарын хүчин F-16 сөнөөгч онгоцоор устгажээ. Тус биет нь найман өнцөгт хэлбэртэй байжээ.