Оросын цэргийн тусгай ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд эхлэхэд цэргийн шинжээчид 5-7 хоногийн дотор Киев бууж өгнө гэсэн таамаглалтай байв. Өдгөө байлдааны ажиллагаа 19 дэх хоногоо үргэлжилж байгаа ч Оросын давшилт удааширч, цэрэг-стратегийн зорилгодоо хүрэх хугацаа нь даруй 10 орчим хоногоор хойшилж байгаа нь доорх шалтгаантай холбоотой. Үүнд:
- Оросууд Украины зэвсэгт хүчний чадавх, бие бүрэлдэхүүний байлдааны чадварыг эхнээсээ дутуу үнэлсэн;
- Хэдийгээр цэргийн ажиллагааны талаар нууцалж, Украины эсрэг түрэмгийлэл хийхгүй хэмээн В.Путины ойрын эх сурвалжууд мэдээлж байсан ч АНУ болон НАТО-ийн тагнуулын ажиллагааны үр дүнд Оросын байлдааны ажиллагаа эхлэх хугацаа үндсэндээ тодорхой болж, эцсийн шийдвэр гаргахгүй удсанаас гэнэтийн цохилт хийх боломж алдсан;
- Оросууд байлдааны ажиллагааг 7-10 хоногийн дотор дуусгана хэмээн төлөвлөж байсан тул ар тал, байлдааны хангалтад зарим чиглэлд тасалдал гарч, одоо дахин хангалт хийх шаардлагатай болсон;
- Оросууд эсрэг талынхаа байлдааны нисэх онгоц, нисдэг тэргийг жагсаалаас гаргаж, агаарт бүрэн ноёрхсон гэсэн итгэлтэйгээр том хэмжээний цуваагаар цэргийн шилжилт хийж байгаагаас отолтод орж, нисгэгчгүй нисэх аппарат, тийрэлтэт артиллерийн цохилтод өртөж хохирол амсаж байгаа нь давшилт саарах шалтгаан болж буй;
- Нисгэгчгүй нисэх аппараттай тэмцэх “Вебра систем нь төдийлөн үр дүнтэй бус байгаа;
- Украины тал зэвсэгт түрэмгийлэлд эртнээс бэлтгэлтэй байж Оросын гол болон туслах цохилтын чиглэлүүдийг үндсэнд нь зөв тодорхойлсон;
- Байлдааны ажиллагааны эхний өдрүүдэд Украины агаарын довтолгооноос хамгаалах систем, удирдах байруудыг бараг жагсаалаас гаргасан хэмээн мэдэгдэж байсан ч одоо хүртэл С-300 болон Бук-1м зенитийн пуужингийн цогцолборуудыг устгасаар байгаа тухай мэдээлэл өгч байгаа нь Украины тал хуурамч цель, өнгөлөн далдлалтыг сайн бэлтгэсэн;
- Нэг талаас Украинчууд өөрсдийн сайн мэдэх газар орон дээр эх орныхоо төлөө ширүүн эсэргүүцэл үзүүлж байгаа (ялангуяа Донецк, Луганскийн чиглэлд) бол нөгөө талаас Оросууд хэл, соёл ижил шахам иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэж байгаа нь цэргийн алба хаагчдын сэтгэл зүйд нөлөөлж буй;
- Украинчууд уламжлалт байрын хориглолтоор бус хөдөлгөөнт (маневрын) хориглолт болон тактикийн жижиг бүлгийн байлдааны ажиллагааг хослуулан хэрэглэж цэргийн том хүчний эсрэг ассиметрик дайны хэлбэрээр тэмцэж байгаа нь тэдний амжилтад эергээр нөлөөлж байна;
- Украинчууд “Байрактар” болон бусад нисгэгчгүй нисэх аппарат, танк эсэргүүцэгч зөөврийн “Жавелин”, агаарын довтолгооноос хамгаалах зөөврийн “Стингер” пуужин, РПГ-7 гар гранатомётыг чадварлаг ашиглаж байгаа нь Оросын давшилтыг сааруулах бас нэгэн хүчин зүйл болж байгаа;
- АНУ, Барууны орнуудын улс төрийн болон бусад дэмжлэг их байгаа, зэрэгтэй тус тус холбоотой.
Зураг. Байлдааны ажиллагааны 18 дахь өдрийн цагийн байдал (Оросын эх сурвалж)
2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж буй Оросын цэргийн бүлэглэл хэдийгээр Украины талын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч агаарт бүрэн ноёрхлоо тогтоосон бөгөөд ширүүн тулалдаан болж буй чиглэлд ойрын өдрүүдэд ар тал, байлдааны нөхөн хангалт хийх төлөвтэй байна.
Цаашид агаарын болон пуужингийн цохилтыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ давшилтын ажиллагаа харьцангуй амжилттай явагдаж буй өмнөдөөс чиглэлээс Херсон-Николаев-Умань чиглэлд, умардаас Киев-Белая Церковь чиглэлээр давшиж улмаар Украины цэргийн анги, салбаруудыг төв хэсэгт Полтава, Днепр, Запорожье районд бүслэн барууны хангалтаас тасалж, хэсэгчлэн буулгаж авах ажиллагааг явуулж болзошгүй юм.