Ойрх Дорнод, Ираны эргэн тойронд араб, турк, еврей, армен, азербайжан, курд зэрэг олон үндэстэн угсаатан оршин амьдрахын зэрэгцээ христос, ислам, иудизм гэсэн дэлхийн гурван том шашин, Орос, Америк зэрэг дэлхийн их гүрнүүдийн геостратегийн ашиг сонирхол огтолцолж байдаг нь дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг байсаар ирсэн. Ялангуяа Карабахын хоёрдугаар дайны дараагаас Ираны хувьд уламжлалт дайсан Израил, АНУ-аас гадна “ах дүү Азербайжан”-тайгаа харилцаагаа муутгаж эхэлсэн нь хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж байна.
Иран Азербайжантай шийт шашинаараа ах дүүгийн холбоотой ч 2020 оны хоёрдугаар Карабахын дайны ялагчид болох Турк, Азербайжан улс Арменийг дайрсан “Зангезурын коридор” гэгчийг байгуулах болсон нь Тегеранд Азербайжанаас хөндийрч Арменийг дэмжих ашиг сонирхолд хүргэсэн.
Арцахын буюу уулын Карабахын 44 хоногийн хоёрдугаар дайнаар Кавказад Туркийн нөлөө улам бүр нэмэгдэж, Азербайжан-Израилийн харилцаа өргөжиж, “Зангезурын коридор” гэгчийг байгуулах асуудал гарч ирсэн нь Армен-Ираны хил таслагдах, Иран Европ руу гарах гарцаа алдах, улмаар Азербайжан, Туркээс хараат болох аюул Тегеранд тулгарсан.
Карабахын хоёрдугаар дайны дараа ийнхүү Арменийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал Ираны хувьд “улаан шугам” болж, Армен-Ираны хилийг өөрчлөхийг зөвшөөрөхгүй гэсэн Тегераны байр суурь ах дүү Иран, Азербайжаны харилцааг хурцадмал байдалд хүргэж эхэлсэн.
Мөн Ираны баруун хойд хэсэгт түрэг хэлээр ярьдаг нутгийн иргэдийн дунд салан тусгаарлах пантуркист суртал ухуулга явуулж байгаа нь Ираны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул занал учруулж байна хэмээн Тегеран үзэж, өнгөрсөн оны намраас цэргийн зэвсэг, техникээ хилийн бүс рүү шилжүүлж, томоохон хэмжээний хээрийн сургуулилт хийж эхэлсэн. Үүний хариуд Азербайжан ч Иранаас айхгүй гэдгээ мэдэгдэж мөн хариу цэргийн арга хэмжээ авч эхлээд байна.
Тегеран дахь Азербайжаны элчин сайдын яаманд нэгдүгээр сарын 27-нд террорист халдлага болсны дараахан Азербайжаны Дотоод хэргийн яам өнгөрсөн долоо хоногт “Ираны тагнуулын сүлжээг илчлэх” тусгай ажиллагааны хүрээнд шашны нэрийн дор хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх 39 хүнийг баривчилсан нь байдлыг улам хурцатгаж байна.
Ираны Исфахан дахь цэргийн байгууламжид нэгдүгээр сарын 29-нд нисгэгчгүй онгоцоор өгсөн цохилтод Тегеран Израилийг сэжиглэж байна.
НҮБ-д суугаа Ираны элчин сайд Саид Иравани НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргад илгээсэн захидалдаа “Ираны цэргийн байгууламжид халдсан гол хариуцлагыг Израил хүлээх ёстой. Иран хариуг нь Израилд хэзээ ч хаана ч өгөх эрхтэй” хэмээн мэдэгдсэн.
Өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Би Израилийн Ерөнхий сайдын хувьд Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд чадах бүхнээ хийх болно” хэмээн мэдэгдсэн нь мөн нөхцөл байдлыг хурцатгаж байна.
Эх сурвалж: https://caliber.az/post/142780/