АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус улсын 2022 оны үндэсний батлан хамгаалах салбарын нийт төсвийг 768,2 тэрбум ам.доллараар баталж хуульчлав. Үүнээс 740 тэрбум ам.долларыг Батлан хамгаалах яам, ойролцоогоор 27,8 тэрбумыг ам.долларыг нь Эрчим хүчний яамны цөмийн хамгаалалтын үйл ажиллагааны төсөвт тус тус хуваарилжээ.

Шинээр батлагдсан төсөвт цэргийн алба хаагчдад зориулах нийт зардлыг 2,7 хувиар нэмэгдүүлэхээр тусгаснаас гадна шинэ төрлийн зэвсэглэл түүний дотор нисэх онгоц, тэнгисийн хөлөг онгоц худалдан авах болон Орос, Хятадын цэргийн аюулыг сөрөн зогсоход зориулж урьд өмнө зарцуулж байгаагүй их хэмжээний мөнгө төлөвлөснөөрөө онцлогтой байна. Батлагдсан төсөв 2021 оны долоодугаар сард анх конгресст танилцуулсан төслөөс даруй 25 тэрбум ам.доллароор нэмэгдэж, өнгөрсөн жилийнхээс 5 хувь өссөн үзүүлэлттэй байна. Дашрамд дурдахад тус улсын батлан хамгаалах салбарын энэ удаагийн төсөв нь Солонгос, Вьетнамын дайны үеийн батлан хамгаалах зардлыг өнөө үеийн инфляцад оруулж тооцсонтой ч харьцуулшгүй их бөгөөд харин Ирак, Афганистанд 120 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байсан 2011 оны төсвөөс ялимгүй бага байна. 

Төсөвт Оросын түрэмгийллийн эсрэг Украины аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэхэд 300 сая ам.доллар, Европын аюулгүй байдлын санаачилгад 4 тэрбум ам.доллар зарцуулахаар тусгасан бөгөөд Номхон далайн тогтоон барих санаачилгад 7,1 тэрбум ам.доллар төлөвлөсний дотор Тайванийн батлан хамгаалах салбарт дэмжлэг үзүүлэх, Хятадын давамгайллыг зогсооход зарцуулах зардлыг тус тус багтаажээ. 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остины хэлсэнчлэн энэ удаагийн төсвийн онцлог нь “…Орчин үеийн зэвсгийн судалгаа, туршилтад урьд өмнө хэзээ ч төлөвлөж байгаагүй их төсвийг тусгасан”-д оршиж буй ажээ.

Дээр дурдсанчлан 2022 оны батлан хамгаалах салбарын төсвөөр цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлд зориулах зардлыг 2,7 хувиар нэмэгдүүлж, бага орлоготой алба хаагчдын гэр бүлд олгох нэмэлт тэтгэмжийг анх удаа төсөвт оруулсан байна. Мөн батлан хамгаалах салбартай хамтран ажиллагч, хөрөнгө оруулагчдад чиглэсэн зардал ч тодорхой хэмжээгээр нэмэгджээ.

Тус улсын Батлан хамгаалахын орлогч сайд Кэтлин Хикс “Бид өнөөгийн өсөн нэмэгдэж байгаа аюул, заналхийллын орчинд нэгэнт шаардлага хангахгүй болсон ашиглалтын өртөг өндөртэй зэвсэглэлийн системүүдээсээ татгалзах хатуу сонголтыг энэ төсөвт сулгасан” хэмээн мэдэгдсэн нь Пентагоны энэ удаагийн батлан хамгаалах салбарын төсвийн бас нэгэн онцлог нь цэргийн хуучин зэвсэглэлээс салахад багагүй хэмжээний төсөв зарцуулах зоригтой шийдвэрийг гаргасанд оршиж байна.  

Similar Posts