Ерөнхийлөгчийн сонгууль 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болох бөгөөд эрх баригч Ардчилсан намаас Кёнги мужийн захирагч асан Ли Жэ Мён, сөрөг хүчин Ардын хүчний намаас нэр дэвшиж буй ерөнхий прокурор Юн Сук Ёл нар санал асуулгаар 40 хувьтай зэрэгцсээр байв.

Гэтэл 5-10 хувийн рейтингтэй Ардын намын Ан Чол Со 03 дугаар сарын 03-ны өдөр нэрээ татаж, Ардын хүчний намтай элсэж буйгаа мэдэгдсэн нь Юн Сук Ёл ялах магадлалыг нэмэгдүүллээ. Нэг талаар, Ан Чол Сог дэмжигчид эрх баригч намын Ли Жэ Мён гэхээс илүүтэй Юн Сук Ёлыг сонгох магадлал өндөр, нөгөөтээгүүр 2002 онд нэр дэвшигч Чун Монжүн нэрээ татсан нь эсрэгээрээ Ро Мо хюнд ашигтайгаар эргэсэн түүх бий. Түүнчлэн Covid-19 цар тахлын эсрэг дэвшилтэт, хялбаршуулсан арга хэмжээний ачаар БНСУ улс орныхоо нэр хүндийг өсгөж, 2020 онд эрх баригч нам Ардчилсан нам парламентын сонгуулиар үнэмлэхүй ялж байсан бол өдгөө омикрон хувилбараас үүдэлтэй халдварын тоо нэмэгдсээр байгаа юм.

Ли Жэ Мён, Юн Сук Ёл нарын хувь хүний хувьд улс төрийн карьер, гадаад бодлогын туршлага дутмагаас гадна тэдний болон гэр бүлтэй нь холбоотой маргаан өрнөсөө байна. Мөн тэдний зүгээс улсын түвшинд болон Хоёр Солонгосын харилцааны талаар ямар бодлого баримтлах болон АНУ, БНХАУ-ын хооронд хэрхэн тэнцвэр хадгалах нь нэн чухал байна. Үүнд: Нэгдүгээрт, улсын түвшинд Ли Жэ Мён орон сууц, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр төрийн оролцоотойгоор шийдвэрлэх саналтай бол Юн Сук Ёл зах зээлд суурилсан шийдэл болон цөмийн эрчим хүчийг дэмжих аж. Хоёрдугаарт, бүс нутгийн түвшинд БНАСАУ-ын асуудлаар талууд өмнөх удирдагчдын бодлогыг үргэлжлүүлэх хандлагатай байна. Тодруулбал, БНАСАУ-ын талаар баримтлах Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн бодлого буюу Хоёр Солонгосын хооронд эдийн засаг, хүмүүнлэгийн төслүүдийг Ли Жэ Мён дэмжих бол Юн Сук Ёл БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс татгалзуулах чиглэлээр пуужингаас хамгаалах THAAD системийг байршуулах зэргээр хатуу байр суурь баримтлах магадлалтай байна. Гуравдугаарт, олон улсын түвшинд Ли Жэ Мён АНУ, БНХАУ-ын аль нэг тал руу хэлбийхээс зайлсхийх бол Юн Сук Ёл АНУ-тай нягт хамтарч, БНХАУ-тай харилцаагаа сайжруулах замаар их гүрний хооронд тэнцвэр хадгалахыг эрмэлзэх бололтой. Гэвч энэ нь зөвхөн ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажиллагааны үеийн байр суурь тул цаашид олон улсын харилцаанаас болон бусад хүчин зүйлээс шалтгаална.

Similar Posts