АНУ, Энэтхэг, Япон болон Австрали буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний гишүүн орны Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 24-нд Токиод болж, уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Японы Ерөнхий сайд Ф.Кишида, Австралийн Ерөнхий сайд Э.Албанез нар оролцож байна (зураг дээр).

Эх сурвалж: https://edition.cnn.com/asia/live-news/biden-asia-trip-quad-summit-05-24-22/index.html
Уулзалтаар бүс нутагт өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөө, Украины дайн, чөлөөт-нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ зэрэг аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байна.
Дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээ (Куад) нь албан ёсоор 2004 онд Энэтхэгийн далайд болсон цунамигийн дараа дээрх дөрвөн улс нэгдэн хүмүүнлэгийн болон гамшгийн тусламж үзүүлэх зорилгоор түншлэлийн хэлбэрээр байгуулагдсан албан бус стратегийн форум юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден саяхан Вашингтонд Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) удирдагчидтай уулзалт зохион байгуулж, Ази дахь анхны айлчлалынхаа явцад 13 орны гишүүнчлэлтэй Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоог (IPEF) эхлүүлсэн нь Куадын эдийн засгийн хөгжлийн нэг чиглэл хэмээн үзэж болно.
Куад нь кибер аюулгүй байдал, эрүүл мэнд, дэд бүтэц, боловсрол зэрэг хэд хэдэн ажлын хэсэгтэй боловч батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар дорвитой ажил хийгдээгүй байна. Энэ нь Энэтхэг улсын Оростой ойр дотно харилцаатай, түүний дотор цэргийн зэвсэглэл техникийн Оросоос хамааралтай байж, БРИКС-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаатай холбоотой байх магадлалтай.