НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас Украины дайны хохирлын талаарх зарим тоо мэдээллийг саяхан танилцуулжээ. Тус байгууллагаас гаргасан тайланд дурдсанаас авч үзвэл дайны улмаас Украин улсын дэд бүтцэд 100 тэрбум ам.долларын хохирол учраад байна гэж үзжээ. Мөн дайны улмаас өнгөрсөн 80 гаруй хоногийн хугацаанд 690 гаруй энгийн иргэн амиа алдаж 1,143 хүн шархаджээ. Амиа алдагсдын дотор 48 хүүхэд, 643 насанд хүрэгчид байна.
Бодит хохирол үүнээс ч илүү байх магадлалтай бөгөөд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа тул цаашид энгийн иргэдийн хохирлын тоо мэдээлэл цаашид улам бүр нэмэгдэх нь тодорхой байна.
НҮБ-ын тооцооллоор тус улсын бизнес эрхлэгчдийн 50 хувь нь үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоогоод байгаа бол үлдсэн хэсгийнх нь өмнөхөөсөө эрс доогуур түвшинд хүрч, үйл ажиллагаа нь ихээхэн доголджээ.
Украины 10 хүн тутмын гуравт нь анхан шатны хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа бөгөөд цаашид дайны үйл ажиллагаа үргэлжилсээр байх нөхцөлд долоон сая гаруй хүн орон гэрээ орхин дүрвэж болзошгүй байна.
Урьдчилсан тооцооллоор Украины ядууралд нэрвэгдэх өндөр эрсдэлтэй байгаа 2.6 сая хүний алдаад буй орлогыг нөхөхийн тулд сар бүр 250.0 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж НҮБ-ын шинжээчид үзсэн. Мөн эмзэг бүлгийн хүмүүсийг хоногийн 5.50 ам.долларын үндсэн орлоготой болгоно гэж тооцоход хамгийн багадаа 430.0 сая ам.долларын эх үүсвэр шаардлагатай байна гэж мэдэгджээ.
Саяхан АНУ-ын Конгрессын танхимд Украин улсад үзүүлэх батлан хамгаалах салбарын, эдийн засгийн болон хүмүүнлэгийн тусламж багтсан нийт 40.0 тэрбум ам.долларын тусламжийн багцыг баталсан. Үүний зэрэгцээ Европын Холбооноос Украин улсад 1.0 тэрбум еврогийн тусламж үзүүлэх шийдвэрийг гаргаад байна.
Эх сурвалж: https://news.un.org/en/story/2022/03/1114022